Д.Сарангэрэл: Өвчтөн эмнэлгийн коридорт хэвтэж эмчлүүлэхгүйн төлөө ажиллана
2017.10.25

Д.Сарангэрэл: Өвчтөн эмнэлгийн коридорт хэвтэж эмчлүүлэхгүйн төлөө ажиллана

Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Энэ хүрээнд эхлээд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлагуудаас томуу, томуу төст өвчлөлийн талаархи цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал зэргийг сонссон бөгөөд нэн шаардлагатай байгаа тарианы шахуурга, хяналтын монитор, нярайн амьсгалын аппаратыг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд шийдэж өглөө. Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулатори нь 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Хүүхэд, чих хамар хоолой, шүд, сэргээн засах эмчилгээ, лаборатори, дархлаажуулалт, дүрс оношилгоо(рентген, хэт авиан оношилгоо)-ны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор нийт 39600 хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүргэжээ.

Одоогоор тус бүр есөн эмч, сувилагчтай бөгөөд туслах ажилтан 4, лаборант, хөдөлгөөн засалч зэрэг нийт 24 ажилтантайгаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа талаар эмнэлгийн дарга Ц.Лхагва танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд улмаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул тус салбар амбулатори-2 нь 20 их эмч, 21 сувилагч, тусгай мэргэжилтэн, 6 үйлчилгээний ажилтан зэрэг нийт 47 ажиллагсадтай гэдгийг сайдад дуулгасан. 

Мөн тэрбээр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирлыг угтуулж, урьдчилсан байдлаар төлөвлөгөө гарган эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг сайжруулах, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжаа нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаа хэллээ.