Я.Содбаатар: Дэд сайдын албан тушаалыг бүлгийн хурлаар ярихгүй, нам дээр хэлэлцэнэ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2017.10.23/ хуралдаж, 2017 оны төсвийн тодотгол, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Отгонтэнгэр ууланд сураггүй болсон иргэдийн талаар албаныхнаас мэдээлэл сонссон байна.
Эхний мэдээллээр албаныхан уулнаас гурван хүний цогцос олдсон гэсэн мэдээллийг бүлгийн гишүүдэд өгчээ.
Мөн хуралдаанаар зарим байнгын хороодын дарга нар болон байнгын хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэр гаргаагүй тул дахин хэлэлцэх шийдвэрт хүрчээ.
Бүлгийн гишүүд 2017 оны төсвийн тодотголыг яаралтай батлуулж, 2018 оны төсвийн төсөөлөл зэрэг чухал төслүүдийг яаралтай хэлэлцэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна.
Дээрх мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ирэх оны төсвийг хугацаанд нь баталж амжих болов уу. Мөн 2017 оны төсвийн тодотголыг эргүүлж татна гэсэн мэдээлэл байна?
-Төсвийн тухай хуулиар 2018 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Төвийн хуулийн дагуу өргөн барьж, хэлэлцэн батална. Төсвийн тодотголыг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэнэ. Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороодоос ирсэн саналыг хэлэлцэх болно.
-Сураггүй болсон иргэдээс гурван цогцос олдлоо гэдэг мэдээлэл яваад байна. Энэ талаар бүлэг дээр мэдээлэл өгсөн үү?
-Бүлэг дээр гурван цогцос олдлоо гэдэг мэдээлэл ирсэн. Цаг тутам мэдээлэл өгнө гэсэн. Одоогоор шинэ мэдээлэл ирээгүй байна.
-Ирэх оны төсөв дээр багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг оруулах талаар бүлэг ярилцсан уу. Багш, эмч нар цалингаа нэмэх асуудлыг хөндөж, жагсаал, ажил хаялт зарлаад байгаа шүү дээ?
-Одоогоор 2018 оны төсөв өргөн баригдаагүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ цалин нэмэх асуудлаар ОУВС-гийн хөтөлбөр эргэн харах, шинээр томилогдсон сайд нар энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа байх.