Ерөнхийлөгч, Ардчилсан нам сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэв
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх засгийн газарт орж ажиллах сайдын нэрсийг МУ-ын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Харин МУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өгсөн байна.
Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайдад нэр дэвшиж байгаа Ч.Хүрэлбаатараас бусад сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг уул, уурхайн бизнест тодорхой ашиг сонирхолтой. Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө монгол улсын эдийн засаг, нийгмийн бүх салбарт шударга ёсыг алдагдуулж, төрийн үйл ажиллагааны зарчим хэм хэмжээг эвдэж байна гэж үндэслэлдээ дурдсан.
Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын хувьд Оюутолгойн нисэх буудлын тендерийг “Арц суварга” гэдэг компанид авч өгсөн гэх хэрэгт холбогддог.
Мөн өнөөдөр Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл хийж, сайдад нэр дэвшигчдийн талаар байр сууриа илэрхийлсэн.
УИХ дахь АН бүлэг
АН бүлгийн дэд дарга Ж.Батзандан: "Хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхтэй уулзалт хийж, тодорхой зарчмууд дээр тохирсон. АН-ын бүлэг ашиг сонирхолгүй, уул уурхайн асуудалд холбогдоогүй, нэр цэвэр сайдуудыг бүрдүүлбэл багаар нь дэмжинэ гэж хэлж байсан. Өнөөдөр орж ирж байгаа Засгийн газрын бүрэлдэхүүний нэрсийг харахад АН-тай ойлголцож, тохирсон зарчмаасаа хазайсан байна гэж бид харж байна" гэж хэллээ.
Хэдийн Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс Сангийн сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн боловч өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг эцэслэн батлах юм.