Х.Баттулга: Бага, дунд боловсролыг нийгэм, улс төр, хөгжлийн суурийг тавьж байгаатай зүйрлэн хэлж болно
2017.10.16

Х.Баттулга: Бага, дунд боловсролыг нийгэм, улс төр, хөгжлийн суурийг тавьж байгаатай зүйрлэн хэлж болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулган Төрийн ордонд болж байна.

Уг олон улсын чуулганд Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Бүгд Найрамдах Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны багш, судлаачдын төлөөлөл оролцож байгаа юм.   Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.

Монгол улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ:

“Чуулганы төлөөлөгчид эрхэм багш нар аа,

Хүндэт зочид оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, чуулганы ажилд амжилт хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулган болж байна. Энэхүү чуулганд ач холбогдол өгч ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Боловсрол, шинжлэх ухааны орлогч сайд Роман Шининээр ахлуулсан төлөөлөгчид, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Жаргалма Дондокова, ОХУ-ын гавьяат багш Чимитовоор ахлуулсан төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-оос Өвөрмонголын Их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор Н.Бөххадаар ахлуулсан төлөөлөгчид, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны дунд сургуулийн захирал, багш нарын төлөөлөгчид, БНСУ болон Монгол Улсын ЕБС-иудын захирал, багш нар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газрын 800 гаруй төлөөлөгч энэхүү чуулганд оролцож байгаад дахин баяр хүргэе.

Энэхүү чуулган боловсролын салбарт томоохон байр эзэлдэг бага дунд боловсролын асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан чуулган байгаасай гэж хүсье.

“Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулганы зорилго нь хүүхдийг хүн, иргэн болж төлөвшихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг бага, дунд боловсролын хөгжил, удирдлагын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг шинэчлэн сайжруулахад оршиж байгаа юм байна.

Энэ бол маш өргөн хүрээтэй, өнөөдөр монголын нийгмийн түлхүүр асуудлуудын нэг мөн.

Улс орнуудын хөгжлийг өндөр шилэн байшин, хурдан машин тэрэг, техник технологиор хэмжиж, дүгнэдэг хандлага үеэ өнгөрөөж, хөгжил гэдгийг хүнтэй холбон үзэх нь илүү бодитой хандлага болжээ.

Хүний хөгжил, ард иргэд маань боловсролтой байж чадаж байна уу, эрүүл амьдарч байна уу, энэ бүхнийг хангах орлоготой ажил хийж чадаж байна уу гэсэн суурь асуудлууд хөгжлийг тодорхойлдог болсон. Монголын нийгмийн хөгжлийг боловсролгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дундаа бага, дунд сургуульд хүүхдүүд хүн болж төлөвших хамгийн чухал үеэ өнгөрөөж байгааг мартаж болохгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

Тийм учраас бага, дунд боловсролыг нийгэм, улс төр, хөгжлийн суурийг тавьж байгаатай зүйрлэн хэлж болно. Бага, дунд боловсролын удирдлага нь

: нэгд, хүүхэд бүрийн боловсрол эзэмших тэгш эрхийг хангахаас гадна ирээдүйн амьдралд нь бэлтгэж өгөх үүрэгтэй.

Хоёрт, хүүхдүүдийн амжилттай суралцах явцад гол нөлөө үзүүлэх, энэ ажлыг хөтлөн явуулах багшийн чанарт анхаарах хэрэгтэй.

Багшийн үнэлэмжийг зохист хэмжээнд байлгахад төрийн бодлого төдийлэн чиглэж чадахгүй байгааг залруулах хэрэгтэй. Энэ цаг үест багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа нь зүй ёсны юм. Хүүхдэд чанартай боловсрол олгохын тулд, үүнд хүч хөдөлмөр, сэтгэл оюунаа бүрэн зориулахын тулд багш амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай байх ёстой.

Миний хувьд байгалийн баялгийн удирдлагыг Үндсэн хуульд нийцүүлэх, орлогыг оновчтой болгох, зөв хуваарилах замаар багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх боломжийг Засгийн газар бий болгох, хэрэгжүүлэх ёстой  гэж үзэж байгаа. Энэ тал дээр ч Засгийн газарт саналаа хэлнэ.   

Боловсрол эзэмшинэ гэдгийг их мэдлэг олж авах, эсвэл ажил хөдөлмөрт орох бэлтгэл гэхээс илүү амьдралын үнэт зүйл, утга учир болон хүний мөн чанар, ёс зүй, уламжлалыг сэтгэл зүрхээрээ ойлгон мэдэрч, нийгмийн ашиг сонирхолд өөрийгөө зохицуулах чадвар гэж үзэх хандлага давамгай болж байна.

Боловсролоор дамжуулан харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлд суралцсанаар нийгмээрээ, хамтдаа аз жаргалтай амьдрах, сайхан амьдралыг цогцлоох хүсэл тэмүүллийг бадраах ёстой.

Нийгэмд үүссэн саад бэрхшээл, сааралт бууралтын үндсийг ухаж үзэхээр яах аргагүй боловсролын тогтолцоо, боловсролын удирдлага руу хөтлөөд байгаа юм.

Иргэдийн суурь хүмүүжил, суурь мэдлэг, суурь хандлага нь нийгмийн асар олон асуудлын зангилаа болж, ирээдүйн үр дагаварыг тодорхойлж байгаа учир өнөөдөр та бүхний энд хуран чуулж, хэлэлцэж байгаа асуудлууд маш чухал, маш бодитой юм.

Та бүхнийг үр дүнтэй хуралдаж, амьдралд шууд хэрэгжих, үр дүн нь нийгэмд ач холбогдол тусгалаа өгөх шийдвэрүүд гаргаасай гэж хүсч байна.

Чуулганд оролцож, чуулганыг зохион байгуулж байгаа та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.