Ц.Цогзолмаа: Салбарынхаа эрдэмтдийн үгийг сонсоно
2017.10.13

Ц.Цогзолмаа: Салбарынхаа эрдэмтдийн үгийг сонсоно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшигч  Ц.Цогзолмаатай ярилцлаа. 

–Таны хувьд боловсролын салбарыг хэр сайн мэдэх вэ?
-Миний хувьд 1986-1992 онд ОХУ-ын Эрхүү хотын багшийн дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн. Түүхийн багш мэргэжилтэй. Тухайн үед улсын төлөвлөгөөний дагуу оюутнуудыг элсүүлдэг байсан учраас Оросын түүхээр төгссөн. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа Ховд аймгийн Багшийн дээд сургуульд Нийгмийн ухааны факультетэд Дорно дахин, дэлхийн түүхийн багшаар эхэлж байсан. Ховд аймгийн Багшийн дээд сургуульд үндсэндээ нэг улирал ажилласан. Хүүхэд байхаасаа эвлэл, пионерын ажилд идэвхтэй байсан. Тэр үед намын боловсон хүчний бодлого гэж байлаа. Хүмүүсээ хаана яаж ажиллуулахаа нам мэддэг.
Намайг дөнгөж төгсөөд ирсний дараахан аймгийн захиргаанаас дуудаад “Гадаад, дотоодод явж шинэ соёл, боловсрол эзэмшсэн хүн аймгийн Хүүхдийн төлөө төвийг удирдаж хүүхдийн арга зүйчээс эхлээд ажиллаач гэсэн” санал тавьсан. Хэдийгээр богино хугацаанд багшилсан ч хүүхдийн байгууллага гэдэг бол ялгаагүй л хүүхдийн сурах орчин, авьяасыг хөгжүүлэх, хүмүүжил, сурлагын чанарыг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг.
Тиймээс өөрийгөө боловсролын салбарт гадны хүн биш гэж бодож байна. Нөгөөтэйгүүр Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа нийгмийн чиглэлийн асуудлыг хариуцсан. Сургуулиас өмнөх буюу бага, дунд боловсролын асуудал дээр багш нартайгаа ойрхон ажиллаж байсан. Мэдээж сайд болоод очихын хувьд цаг хугацаа өнгөрсний хэрээр тэр үеийнхээс нөхцөл байдал, олон зүйл өөрчлөгдсөн байгаа.
–Салбарын сайдаар очоод ажлаа юунаас эхлэх вэ?
-Боловсролын салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийх юмсан гэж бодож байна. Цэцэрлэг, бага дунд боловсрол дээр юу анхаарч ажиллах ёстой юм. Дээд боловсролын хүрээнд болон шинжлэх ухааны чиглэлд юуг анхаарч ажиллах ёстой юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Боловсролын салбарт урлаг уран сайхан,  соёл, спортын  бүхэл бүтэн бодлого явж байна. Эдгээр асуудлын аль нэгийг орхигдуулахгүйгээр жигд авч явах юм гэдэг талаас нь мэргэжлийн хүмүүсээ сайн сонсч, одоогийн нөхцөл байдалд сайн дүн шинжилгээ хийнэ. Хийсэн дүн шинжилгээн дээр суурилж ажлаа эхлүүлнэ гэж бодож байна.
–Таныг боловсролын сал­барт угтах том асуу­дал бол багш нарын цалин нэмэгдүүлэх шаард­лага. Үүнийг хэрхэн шийд­вэр­лэнэ гэж бодож байна вэ?
-Би ид шидтэн биш. Аль нэг газраас хөрөнгө мөнгө босгоод багш нарын цалинг нэмнэ гэж залуучуудын хэлдгээр худлаа “поп”-рохгүй. Цалин нэмэх ямар боломжууд байгааг судална. Боловсролын сайдын багцад байгаа хөрөнгө мөнгө гэдэг төсвийн тухай хуулиар зохицуулагддаг. Батлагдсан зүйлд нь зарцуулах ёстой.
Гэхдээ энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийг ярьж байгаа энэ үед дотооддоо цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх ямар боломж байгааг эрэлхийлнэ. Энэ талаар багш нарын төлөөлөлтэй уулзаж тэдний болон мэргэжлийн хүмүүсийн хийсэн судалгаатай танилцана. Мэдээж аль болох багш нарын цалинг нэмэгдүүлэх тал дээр ажиллана.
Цалин нэмэгдүүлэх чиг нь гарчих юм бол багш нар шууд ажил хаяад, тэмцээд байхгүй гэж бодож байна. Юуны өмнө цалин нэмэх ийм нөхцөл боломж байна гэдгийг ойлгуулах нь чухал. Түүнээс цалин нэмнэ гэж шууд амлалт өгөхгүй. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувиар миний мэдэж байгаа зүйл бол улсын төсвийн хүндрэлтэй холбоотойгоор багш нарын дэвтэр засдаг, анги удирддаг, дугуйлан секцийн мөнгийг хассан байгаа. Тэгэхээр үндсэн цалингийн нэмэгдэл ямар байх, урамшууллыг сэргээх талаар ямар ажил хийх, аль болох олон эх сурвалжтай боломжийг харах ёстой.
–Гишүүнийхээ хувьд өнгөрсөн жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Яг салбарыг нь удирдахдаа ямар бодлого баримтлах вэ? 
-Тусгай сургуулиудын нөхцөл байдал хүнд. Нэг жилийн хугацаанд ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч байгаа хараа, сонсголын бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдийн сурдаг сургуулиудын нөхцөл байдалтай  өөрийн биеэр явж танилцсан.
Энэ хугацаанд хийж чадсан нэг зүйл бол 2018 оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн орлогынх нь үндсэн эх үүсвэр болдог тэтгэмж нэмэгдүүлэх асуудлыг шийдүүлсэн байгаа. Энэ мэтчилэн үе шаттайгаар асуудлыг шийдвэрлэнэ. Хамгийн гол нь очоод бодит байдалд үнэн зөв үнэлэлт дүгнэлт хийж ажлаа эхлүүлнэ. Анхнаас нь ажлаа цэгцэлж, эрэмбэлж явуулна.
Боловсролын салбарт тулгамдсан асуудал олон бий. Харин хаанаас нь эхэлж ямар үе шаттайгаар явуулах, тодорхой цаг хугацааны дараа ямар үр дүнд хүрэх вэ гэсэн график дотор ажиллана гэж бодож байна. Ер нь асуудалд дэс дараа эрэмбэтэй, цаг хугацаа шахаж ажиллахгүй бол бүх асуудал хүнд байна гээд суух юм бол юу ч шийдэгдэхгүй. Тиймээс аль нэгийг нь зориг гаргаж барьж авч шийдвэрлэж байж дараагийн ажлын гарц гаргалгаа, шийдэл гарч ирнэ.
–Парламентаас бүрдсэн Засгийн газар байгуулагдахаар боллоо. Гишүүд яаман дээр болон чуулганд хуулийн төсөл гээд хэт их ачаалалтай ажиллах юм байна?
-Мэдээж ачаалал нэмэгдэхийг ойлгож байгаа. Гэхдээ энэ салбартай ойрхон байсны хувьд асуудлаа судлах зэргээр цаг алдах шаардлага байхгүй. Тиймээс шууд ажилдаа орж болно. Ер нь XXI зууны хүн гэдэг бол цагийн менежмент хийх чадварт суралцсан байх ёстой. Тодорхой зөв менежмент хийж аль нэг ажлаа орхихгүйгээр ачааллаа тэнцүүлээд аваад явах боломж бий.
Ард бүхэл бүтэн мэргэжлийн баг ажиллана. Нөгөө талаар Их хуралд бие төлөөлөгчид  бий. Заавал Цогзолмаа сууж байж ажил явахгүй. Хамгийн гол нь асуудлаа зөв хараад хүмүүст үүрэг даалгавар өгч чаддаг. Тэр хэрээрээ хэрэгжилтийнх нь араас явж чаддаг байх юм бол ажил урагшилдаг гэдгийг төрд 20 гаруй жил алба хашихдаа мэдэрсэн. Энэ арга барилаараа ажиллана гэж бодож байгаа.
–Бусад сайдын хувьд салбараа хэр сайн мэддэг хүмүүс гэж харж байна вэ?
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг харахад харьцангуй боломжийн хүмүүсээс бүрдэж байна гэж бодож байна. Гэхдээ ямар хүмүүс хэрхэн ажиллав гэдгийг цаг хугацаа харуулна. Аль салбарт хэн очоод юу хийв гэдэгт ард түмэн дүн тавих учраас урьдчилж ийм тийм гэж хэлэх боломжгүй.
С.Уянга