Х.Баттулга: ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
2017.10.02

Х.Баттулга: ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдлаа

Эрхэм УИХ-ын дарга аа,

 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 Хүндэт зочид оо,

Энэ удаагийн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нийгэм эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урьд хожид байгаагүйгээр ажил хэрэгч байх, зөв шуурхай шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргах учиртай үед болж байгаагаараа онцлог. Тийм учраас би элдэв оршил, тайлбараас зайлсхийн шууд гол асуудлууд руу орж яръя

Эрхэм гишүүд ээ,

Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна.  

Хэдийгээр 2017 онд эдийн засаг  5.3 хувийн өсөлттэй гарахаар таамаглал байгаа ч улс орны эдийн засаг, санхүүгийн төлөв муу байна.

Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна. Ирэх жил төлөх ёстой, хүлээгдэж байгаа гадаад зээлийн төлбөрүүд гэх мэт санхүүгийн асуудлууд олон байна.

ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлогт тохирсон шийдэл, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон заалтууд оруулж чадаж байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй.

Өнөөдрийг хүртэл Монголын улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг үндэсний онцлогт тохируулалгүй сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэнд л байгааг энд сануулж хэлмээр байна.

ОУВС-гийн тулгасан болзлуудаас жишээ нь, малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэдэг бол Монголын онцлогийг яавч тусгаагүй, тооцоогүй зүйл мөн. Нүүдэлчин монголчуудын хувьд хэдэн мянган жилийн турш таван хошуу мал нь л үндсэн хөрөнгө болж ирсэн. Гэтэл тэрийг нь барьцаа биш гэж үзвэл малчид юугаараа зээл авах болж байна. Хүүхдийн мөнгийг халамжтай зүйрлэж байна. Цөөн хүн амтай Монголын хувьд энэ нь огт өөр зорилготой, аль ч Засгийн газар, намын үед хүн амаа өсгөх тууштай бодлого болгон хэлбэрэлтгүй мөрдөх хэрэгтэй.

Гэх мэтээр ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдсаныг УИХ хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын эрх ашгийг тэргүүнд нь эрэмбэлээрэй.   

Ирэх оны төсвийг УИХ-ын намрын чуулганаар маш бодитой, ажил хэрэгчээр хэлэлцэж эдийн засагт эерэг дохио өгөхөөр алдагдалгүй, чамбай төсөв батлахыг цаг хугацаа биднээс шаардаж байна. Улсын төсөв эдийн засагтаа эерэг дохио өгнө гэдэгт би төрөөс хувийн сектороо дэмжих гэж л ойлгож байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуульд орсон нааштай өөрчлөлтийг Засгийн газар түүний харьяа байгууллагууд чанд мөрдөж ажиллавал дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг чамлахааргүй хэмжээнд дэмжих боломж бий.

2015 онд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хуулийг баталж улс, орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрүүд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын компани, иргэдийн үйлчилгээг тэргүүн ээлжинд авах “Үйлдвэрлэлийг дэмжих хууль”-ийг 2015 онд баталснаас хойш бодитоор хэрэгжсэнгүй. Энэ хууль болон цуг өөрчлөлт орсон “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг” хэрэгжүүлж чадвал сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны 105 тэрбум төгрөг гэхэд л дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө, тэр хэмжээгээр ажлын байр, цалин болж очих болно.

Цэргийн дүрэмт хувцас, гутал, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцас, сурагчийн дүрэмт хувцас зэрэг дотооддоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй.

Цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид гэхэд 50 мянга, уул уурхайд ажиллагчид 20 мянга, барилгын ажилчид 40 гаруй мянган хос ажлын гутал жил бүр өмсдөг. Эдгээр байгууллага дотооддоо үйлдвэрлэсэн ажлын гутал худалдан авахад энэ нь эцсийн дүндээ гутлын үйлдвэр, арьс ширний үйлдвэр цаашилбал малчдыг дэмжих мөнгөн урсгал болно. Арьс, нэхий зарагдахгүй байна, хямд байна гэж бачимдах шаардлага малчдад алга болно. Саяхан та бүхэн нэхийний үнэ хэд болсныг мэдэж байгаа. 500 төгрөг болсон.

Өнөөдөр бид жилдээ 10 орчим сая ширхэг хонины нэхий, үхрийн ширийг гадагш түүхийгээр нь гаргаж байна.

Хэрэв бид боловсруулах үйлдвэр барих юм бол ширхэг арьс тутам нь 300 ам.доллартай тэнцэх нэмүү өртөг бүтээх салбар байгаа юм. Хонины нэхий 500 төгрөг байхад гаднаас бид 1500 төгрөгөөр түргэн гоймон авч хэрэглэж байгаатай харьцуулах ёстой.    

Хүнс болон хүнсний ногооны хувьд ч төрөөс байгаа боломжоороо дэмжиж, худалдан авалт хийх ёстой. Төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд ажилчдын цайны газартаа Монголдоо үйлдвэрлэсэн хүнсний түүхий эдийг худалдан авдаг болох ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

Ингэж байж бид гарал үүсэл нь тодорхой, аюулгүй хүнс үйлдвэрлэл, хүнсний кластераа дэмжинэ. Тэрнээс бус дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэхийн чухлыг ухуулсан сайхан үгс ажилд ямар ч нэмэргүй агаарт замхран алга болсоор байна. Шинээр байгуулагдах Засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагасан эрсдлийг бууруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдэг итгэл найдвар бага боловч төрж байна. Энэ чиглэлээрх бүхий л хүчин чармайлтыг улсаараа, ард түмнээрээ дэмжихээс өөр арга байхгүй цаг үе ирснийг бүгд ухамсарлаж байгаа нь сайшаалтай.

Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгааг дээр дооргүй ярьдаг. Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсчээ.

Ашигт малтмалын хуулиар гадаадынхан, цөөхөн эрх мэдэлтнүүд л газрын баялгийг эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн байгааг засъя. Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдгийг болиулъё. Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй нь цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийн хамгийн том дохио !

Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсч байна. Учир нь, алт бол онцгой метал.

Төгрөгийн худалдан авах чадварыг тодорхойлогч учраас Монгол төр өөрийн мөнгөн тэмдэгтийн чадварыг өндөр байлгахын төлөө алтанд онцгой анхаарахаас аргагүй юм.

Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна, монголчууд баялгийнхаа эзэн нь бус хохирогч нь болж үлдсээр л байх болно. Би ийм хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина. Энэ бол дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг л бодлого. Манай хоёр хөрш ч алтан дээр төрийн онцгой эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Энэ бол хэн нэгний эрх ашиг бус нийт монголчуудын, Монголын санхүүгийн амин асуудал учраас элдэв эсэргүүцэл, мэдэмхийрлийг үл тоон Монголын төр алтаа бүрэн мэддэг, хянадаг болох нэн тэргүүний шаардлагатай.

Алтыг бүрэн хэмжээгээр мэдэлдээ авсны дараачаар бидэнд санхүүгийн үлэмж чадавхи үүсэх нь дамжиггүй.

Ирэх жилийн төсвөөс эхлэн гадаадын валютын зээлээр зөвхөн экспортын буюу валютын орлого олох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг л санхүүжүүлж байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй. Үүнийг тусгайлсан хууль гаргаж зохицуулах шаардлага үүсч байна.

Багш, эмч  нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шатттайгаар нэмэх боломж бий. Багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттөй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байна.

“Байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй явсан алдаагаа УИХ, Засгийн газар яаралтай залруулж, баялгийнхаа менежментийг иргэддээ ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтаас ангижруулах ёстой. Байгалийн баялгийн ноогдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого болгох ёстой. 

Улс нь баялагтай байгаад иргэд нь өртэй байх аваас баялгийг ашиглах утга учир юунд байх юм бэ?

Үндсэн хуулийн 6.1, 6.2-т харшилсан хуулиудыг үтэр түргэн залруулахад УИХ, шинээр байгуулагдах Засгийн газрыг хамтран ажиллана гэдэгт найдаж байгаа.

Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх 3 жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн заалт оруулан батлуулсан байгаа ганцхан жишээ гэхэд хэчнээн багшийн цалингийн нэмэгдлийг шийдэх мөнгө вэ?

Би энд Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл – Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн баримтыг дурдаж байна. Хуулийн “4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх; 4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах;” гэж заасныг өнгөрсөн Засгийн газар шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Үүнийг яаралтай засч, ижил нөхцөлөөр татвар ногдуулах ёстой. Эндээс олсон мөнгөө багш эмч нарын цалин, нийгмийн сайн сайханд зарцуулах ёстой.

Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй. Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна.

Би шударга ёс алдагдсан ганцхан жишээ дурдлаа. Ийм байдал хууль, хяналтын салбарыг нөмөрчээ. Хуулийн байгууллагын ажилтнууд улс төржиж, хэн нэг улс төрчийн өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл нь болон хувирсан байна.

Тэд олон нийтэд илэрхий болсон Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зах дээр бараа зардаг шиг арилжсан гэх “60 тэрбумын”, Монголын баялгийг гадагш нь гаргаад мөнгийг нь оруулж ирээгүй “Оффшорчдын” гэх мэт гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгон аргацаах, шалгаж байна хэмээн цаг авч байна.

Гэтэл нөгөө талд нь нотлох баримтгүй, улс төржилтөөс үүдсэн хэргүүдийг сүр бадруулах, шүүхээр орж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэгтэн мэтээр зарлаж, улс төржүүлж байгаа нь энэ салбарт шударга ёс алдагдсаны нотолгоо гэж үзэхээс өөр арга алга. УИХ, шинээр байгуулагдах Засгийн газар эдгээр олон нийтэд илэрхий болсон дуулиант хэргүүдийг хурдан шуурхай шийдэхэд анхаарлаа хандуулах цаг болжээ. “60 тэрбумын” хэргийн гэрч нь тодорхой, үйлдэл нь тодорхой байхад яагаад эзэнгүй мэт сууж байгаа юм бэ? Авлигатай тэмцэх газрыг бид авлигатай тэмцэх гэж байгуулсан гэдгийг бас энд ирсэн зочдод анхааруулж хэлье.

Олон улсын Парламентын холбооны Парламентчдын Хүний эрхийн хорооноос Монголын хуулийн салбарт шударга ёс алдагдаж, эргэлзээтэй төлөв байдал үүсээд байгааг С.Зоригийн хэргийн явцтай танилцсаныхаа дараа 9 дүгээр сарын 14-ний өдөр Женевт анхааруулга мэдэгдэл хийжээ. 2017 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Монголд ажилласан ОУПХ-ны төлөөлөгчид улс төрчийн аллагын хэрэг дээр Монголын хууль, шүүхийн байгууллагууд шударга шүүхийн олон улсын стандартад нийцэхгүй алдаатай шийдвэрүүд олонтаа гаргасан байна гэж мэдэгдэл хийсэн байна. Энэ өдөр мөн МоАХ-ны анхны тэргүүн С.Зоригийн амь үрэгдсэн эмгэнэлт өдөр. УИХ-ын гишүүд та бүхэн анхааралдаа авна биз ээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн салбарт шударга ёс алдагдан, улстөржилт хэрээс хэтэрснийг болиулах, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч, хатуу тэмцэх болно гэдгийг энэ индэр дээрээс анхааруулж байна. Ард түмний захиалга, нийгмийн шаардлагыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно.

Эрхэм гишүүд ээ, монголчууд аа

Айсуй хахир улирал, санхүүгийн хомсдолтой төлөв байдал та бидэнд харилцан ойлголцож, хамтран ажиллах замаар бэрхшээлийг даван туулахыг тулгаж байна. Улстөржилтийг таягдан хаяж, нийтийн эрх ашгийн төлөө шаргуу, шуурхай ажиллах, шийдлүүдийг цаг тухайд нь оновчтой гаргаж чадахгүй бол нийгмээрээ, нийтээрээ хохирон үлдэх хатуу нөхцөл бидэнд тулгараад байгааг хүн бүр ухамсарлаж эв эеийг эрхэмлэн, нийт нэгэн хүчийг нийлүүлэн зүтгэхийг уриалж байна.

Мөнх тэнгэр биднийг ивээг ! Баярлалаа