М.Энхболд:  Амласан амлалт, төлөвлөсөн ажил их ч хугацаа бага байна
2017.10.02

М.Энхболд: Амласан амлалт, төлөвлөсөн ажил их ч хугацаа бага байна

УИХ-ын даргын УИХ-ын чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

            Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

            Хүндэт зочид оо,

        Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент хоёр дахь намартайгаа золгож, ээлжит чуулганаа эхлүүлж байна.

      Завсарлагааны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, УИХ хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдуулж, та бид нэлээд ачаалалтай ажиллалаа.

     Хаврын ээлжит чуулган өндөрлөснөөс хойших завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд эх орныхоо 21 аймаг, сум, нийслэлийн 9 дүүрэгт хүрч ажиллалаа. Хөдөө орон нутагт л гэхэд давхардсан тоогоор 46 гишүүн 305 хүн өдөр ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилтын талаар санал бодлоо солилцож, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчлан ажилласан байна.   

    Улс орны нийгэм, эдийн засгийн байдал үүнээс ч илүү зүтгэл, санаачилгатай ажиллахыг биднээс шаардаж байгаа. Гэхдээ идэвх чармайлтаа гарцаагүй тулгамдсан, улс орны өнөө хийгээд ирээдүйн амин чухал эрх ашгийг хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлмээр байна. Парламентын бүрэн эрхийн үлдэж буй хугацааг улстөржилтөөс үүдэлтэй элдэв дайвар асуудал тойрон бужигнаж өнгөрөөмөөргүй байна. Тиймээс төрийн бодлого, хууль боловсруулах үндсэн ажилдаа, иргэд сонгогчдын итгэлийг биелүүлэх гол зорилтдоо анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдгийг Эрхэм төрийн түшээд Та бүхэнд хандан хэлэхийг хүсэж байна.

     Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, төсвийн гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулж, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэллээ. ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатанд үнэлгээ хийгээд, тавьсан зорилтууд бүрэн биелж байна гэж үзсэн. Давж биелсэн орлогын тал орчим хувиар хуримтлал үүсгэж буй нь зээллэгийн хэмжээг бууруулан, өрийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдүүлж байна гэж тэд дүгнэсэн.

      Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Үүнийг үндэслэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн.

      Эдгээр нь гадаад, дотоод орчноос Монголын эдийн засаг, санхүүгийн байдалд өгч байгаа бодит үнэлгээ, дүгнэлт юм.

      Энэ дашрамд, богино хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, цаашдын өсөлтийг хангахын төлөөх бидний хүчин чармайлтыг ойлгон тусалж, дэмжин хамтарч байгаа хөрш болон хөгжлийн түнш орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад талархлаа илэрхийлье.

      УИХ 2018 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн төсөв, санхүүгийн бодлогоо тогтвортой хадгалж, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тууштай дэмжих болно.

         Эрхэм гишүүд ээ,

      УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар огцорсон ч УИХ дахь олонхи буюу эрх баригч намаас сонгуулийн үеэр иргэддээ өгсөн амлалт, дэвшүүлсэн бодлого, хөтөлбөр хэвээр байгаа. Шинээр бүрдэх Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, УИХ-аас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой.

     Ерөнхий сайд, Засгийн газар солигдсоноор төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын орчин ойлгомжгүй, тодорхойгүй болох, төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага суларч, аж ахуйн нэгж, иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж таарахгүй.

     Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ Засгийн газрын өмнө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, сорилт шалгуур чамгүй бий. Өрийн хэмжээ нимгэрэх болоогүй, тийм боломж хараахан бүрдээгүй байгаа. 2017 оны наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл 19.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэж байна.

      Он гараад “Чингис”, “Дим Сам” бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын төдийгүй Монгол Улсын өмнө тавигдаж байгаа томоохон сорилт юм. Бондын төлбөрийг төлөхдөө гадаад зах зээлээс эх үүсвэр татаж, дахин санхүүжүүлэх аргаар удаан явахгүй нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газрын өрийн удирдлагын стратеги, бүтцийг шинээр тодорхойлж, өрийн үйлчилгээний төлөвлөгөөг шинэчлэх, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, хуримтлал үүсгэх, бий болсон хуримтлалаас өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэдэг болоход анхаарах учиртай.

      Мөн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралт эмзэг байдлыг бууруулах бодлого Ерөнхий сайд хэн байхаас, түүнчлэн эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрчлөгдсөн, эсэхээс үл хамаарч тогтвортой, тууштай хэрэгжиж байвал зохино.

     УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд гүйцэтгэх засаглалд тавих хяналтаа сайжруулах ёстой. Хуульд заасны дагуу хагас жил тутамд хууль тогтоомж, УИХ-аас баталсан бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын гишүүдийн тайланг холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлэх ажлыг энэ чуулганаас эхлэн хэвшүүлнэ.

     Мөн түүнчлэн УИХ өөрийн баталсан хууль тогтоомжоо нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралын харилцааг зохицуулж чадаж байгаа, эсэхтэй танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой.

         Эрхэм гишүүд ээ,

      Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар, эмч, эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмүүлэх шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна.

     Бид тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх, тэр дундаа багш, эмч, эмнэлгийн ажилтны ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жилээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ямар хугацаанд, ямар түвшинд хүргэх талаарх бодлогоо иргэд, олон түмэнд ойлгомжтой, тодорхой мэдээлэх, санал бодлыг нь сонсох шаардлагатай байна. Улмаар улс орны санхүүгийн бололцоонд тулгуурлан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

     Монгол Улсын нийт хүн амын 46 гаруй хувь буюу 1.4 орчим сая хүн амьдардаг нийслэлийн агаар, орчны бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх төрийн цэгцтэй, тууштай бодлого үгүйлэгдсээр байна. Өвөл болохоор л утаа, бохирдлын сэдвээр ёс юм шиг ярьдаг, хавар болонгуут мартдаг, хийж хэрэгжүүлсэн нь үр дүн муутай, зарцуулсан хөрөнгө мөнгө нь үрэн таран болдог байж таарахгүй.

    Энэ намрын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийг үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин байрших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын бодлогыг хуульчилна. Агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлийг баримтална. Оршин сууж буй орчноо тохижуулсан, мод бут тарьсан, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      Намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олны анхаарлын төвд байна.

      Цаг нь болсон, өөрчлөх ёстой, бусад улс орны жишиг ийм гэдгээр Үндсэн хуулийн асуудалд хандах нь нэг талаар өрөөсгөл бөгөөд “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болж магадгүй тул юуг, яаж өөрчлөх вэ гэдгийг сайтар судалж, эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлан, зөвхөн “зайлшгүй”-г хөндөх замаар шийдвэрлэвэл зохино.

    Чуулганы завсарлагааны хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлэх ажлыгамжилттай зохион байгууллаа. Иргэд, байгууллага, эрдэмтэн судлаачдаас 300 мянга гаруй санал бичгээр ирснийг нэгтгэн дүгнэх ажил хийгдэж байна. Эндээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан төсөл олон нийтээс дэмжлэг хүлээж байгаа эсэх нь зүйл, хэсэг, заалт бүрээр тодорхой болж, өөрчлөх, сайжруулах чиглэлийг тодотгож өгнө гэдэгт итгэлтэй байна.

     Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг сайжруулж, тогтвортой, хариуцлагатай засаглал тогтоох, парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудад шинэ соёл, төлөвшил бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагад нийцсэн, нийгмийн бүх талуудын санаа бодол, байр суурь нэгдсэн асуудлаар л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжинэ.

     Төрийн бодлогын залгамж чанар, хэрэгжилт, иргэнээ дээдэлсэн төр оршихын баталгаа нь төрийн алба мэргэшсэн тогтвортой байж чадах, эсэхээс ихээхэн хамаарч байна. Төрийн алба улс төрөөс хэтэрхий хараат явж ирсэн нь нууц биш. Төрийн алба тогтворгүй болохоор төрийн албан хаагч нь мэргэшиж чадахгүй, мэргэшсэн төрийн албан хаагчгүй болохоор төр нь дархлаагүй болсоор байна.

      Хаврын чуулганаар төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс, урамшуулал олгох, хариуцлага тооцох асуудлыг мэдлэг чадвар, ажлын үр дүнтэй нь холбож үздэг тогтолцоог хуульчлахаар хэлэлцэж эхэлсэн. Энэ асуудлыг намрын чуулганд багтаан шийдвэрлэж, төрийн албаны шинэтгэлийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай байна.

          Ард иргэд ээ,        

       Өвөл хаяанд ирлээ. Ургац хураалт, хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл өндөрлөх тийшээ хандаж байна. Өнгөрсөн зун хур багатай, ихэнх нутгаар гандуу байсан нь өвөлжилтийг хүндрүүлж болзошгүй тул Засгийн газар, орон нутгийн бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, малчид иргэд хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангах ёстой шүү гэдгийг сануулж хэлье.

         Эрхэм гишүүд ээ,

        Амласан амлалт, төлөвлөсөн ажил их ч хугацаа бага байна.

     Эвийг эрхэмлэж, эрх ашгийн эрэмбээ санаж, иргэдийнхээ хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө чин сэтгэл, бат журмыг барьж ажиллацгаая.

     Намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудалд нухацтай хандаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээс хүсье.

         Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.