УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2017.09.07

Ө.Энхтүвшин: Дотроо асуудлаа эхлээд ярилцъя гэж би мөн ч их гуйсан даа, намынхныгаа

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин  санал бодлоо илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Засгийн газрыг огцруулах үндэслэлийг тавьжээ. Боловсон хүчний бодлогын алдаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, кабинетын удирдлага сул, концессын гэрээ зэрэг нь хариуцлага тооцох шалтгаан болсон гэж байна. Үүнийг манай 65-ын бүлэг ярьж, чиглүүлж өгсөн.

Бүлгийн шийдвэрээр хийгдэж байсан ажил болохоос Засгийн газар дур мэдээд хийсэн ажил биш. Энэ 65 чинь ямар хариуцлага хүлээх юм бэ. Засгийн газар руугаа чихчихээд 65-ын бүлэг зүгээр суугаад үлдэх юм уу. Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаан маш олон байгаа. Ганц Засгийн газрын буруу биш.

Би үүнийг хувьдаа зөвшөөрөхгүй. Дотроо асуудлаа эхлээд ярилцъя гэж би мөн ч их гуйсан даа, намынхныгаа.

Энэ хүмүүс зөвшөөрөхгүй байна. Эхлээд засгаа огцруулж байгаад намынхаа Их хурлыг хийнэ гэлээ. Засгийн газарт хариуцдага тооцъя, дотроо л асуудлаа ярилцмаар байна. АН-ы оролцоогүй шийдье л дээ. Би үүнд харамсч байна. Хариуцлага алдааны тухай яриад л байгаа юм. Жилийн өмнө Засгийн газар байгуулагдахад зарчим алдагдаж байна гэж би ярьсан. Хоёр сарын дараа намын Их хурал болно, тэр хүн намын дарга болоод Ерөнхий сайд болоод явж болно.