Монголын банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэн зорилтот 1000 хүүхдэд 1 жилийн хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ
1000 цүнх аян
2017.08.03

Монголын банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэн зорилтот 1000 хүүхдэд 1 жилийн хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж эцэг эхчүүд бяцхан үрсдээ хичээлийн хэрэгсэл авч өгч бэлтгэж эхэлж байна. Тэгвэл хичээлийн хэрэгсэл хэрэгцээт зүйлээ авч чадахгүй байгаа энхрий бяцхан үрсэд зориулж нэгэн аян эхлээд байна. Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос санаачилж явуулж буй "1000 цүнх" аяны талаар МББСБХ-ны гүйцэтгэх захирал. Төслийн зохицуулагч С.Ариунтөгсөөс тодрууллаа.

-Энэ аяныг санаачлах болсон сэдэл нь юу вэ?

Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед дундаа нэг цүнхтэй, нэг хувцастай хичээлдээ ээлжиж хэрэглэдэг, амьдралын боломж тааруу, олон ам бүлтэй өрхүүд  нилээд байгааг анзаарч байна. Бид бүх хүүхдэд хүрч чадахгүй ч ядаж 1000 хүүхдэд тусалж, тухайн өрхийн санхүүд дэмжлэг үзүүлэхийг хүсч энэхүү аянаа эхлүүлсэн юм.

Өнөөдөр энэхүү ажил маань илүү өргөн хүрээг хамарч, анхны төлөвлөж байсан 1000-аасаа хол илүү давсан байгаад баяртай байна.

-1000 хүүхдээ хэрхэн сонгох вэ?

Холбооноос хандив шаардлагатай хүүхдүүдийн судалгааг хийсэн байгаа төдийгүй тусламж дэмжлэгэнд тэр бүр хамрагдаж чаддаггүй, алслагдсан дүүргүүдийн гэр хорооллоос сонгож өгдөг. Үүн дээрээ суурилж сонгоно.

- Өмнөх жил зохион байгуулагдаж байсан аянд хэдэн компани нэгдэж, хэр их цүнх цугласан бэ? Үр өгөөж нь хэр байв?

Өнгөрсөн онд гишүүн ББСБ-ууд маань нэгдэж 1200 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бүхий цүнхийг хандивласан. 100% зорилтот бүлэгтээ хүрч чадсан гэдгийг дуулгахад таатай байна. Хамгийн гол нь хичээлийн шинэ жил эхлэх босгон дээр бүх хүүхдийн маань нүд аз жаргалаар гэрэлтэхийг харах сайхан байсан.

2016 оны 1000 цүнх аяны зургаас...

Энэ л хүүхдүүдийн инээмсэглэл, аз жаргал бидний нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хүүхдийн сурах чин хүслийг бадраах урам зоригийг өгч байна. Бид цаашдаа ч энэхүү аянаа жил бүр уламжлал болгон явуулах зорилт тавьж байна.

1000 цүнх аяны зургаас #2016

-Хаанаас ямар цүнх сонгох вэ? Цүнхэнд юу багтах вэ?

Хүүхдүүддээ цүнх болоод үзэг, бал, дэвтэр гээд 1 жилийн хичээлийн иж бүрэн хэрэгслийг хандивлах бөгөөд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, зарим хэрэгслийг дотооддын үйлдвэрүүдээсээ авдаг. Цүнхий хувьд бол бээжингээс авч байгаа.

-Тэр өдрийн фестивальд юу болох вэ?

Бид энэхүү фестивалиараа дамжуулж бичил, жижиг дунд, бага орлоготой иргэд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн ойроос хүрч үйлчилдэг бичил санхүүгийн салбарт ажиллаж буй ББСБ-уудаа танилцуулах, хөнгөлттэйгээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхээс гадна, нийт хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудаа баярлуулах зорилгоор хүүхдийнхээ дунд тэмцээн уралдаан, урлаг соёлын арга хэмжээг явуулахаар төлөвлөж байна.

Бидний үйл ажиллагааг дэмжиж Нийслэлийн засаг даргын тамгын газар, Олон улсын хүүхдийн найрамдал төв, Монголын сурагчдын холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг олон байгууллагууд дэмжин ажиллаж байгаад баяртай байна.

Ярилцсан Б.Сувд