2017.07.31
ММНБИ-ийн гүйцэтгэх захирал мэргэжлийн байгууллагын хөгжлийн хуралд оролцлоо
ММНБИ-ийн Гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан 2017 оны 7 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Вьетнам улсын Ханой хотод Мэргэжлийн байгууллагын хөгжлийн хуралд оролцлоо.
Хурлыг Дэлхийн нягтлан бодогчдын холбоо, Вьетнамын Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд Дэлхийн нягтлан бодогчдын холбоо, Ази Номхон далайн нягтлан бодогчдын холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас гадна 19 мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Хуралд ММНБИ-ийн Гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан ММНБИ-ийн хөгжил, тулгарч буй сорилтууд, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ.
Хурлаар мэргэжлийн үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин, мэргэжлийн байгууллагын засаглал, бүтэц, үйл ажиллагааны чадавх, гишүүд болон бусад оролцогч талтай харилцах харилцаа, мэргэшсэн нягтлан бодогчдын боловсрол, ёс зүй, олон улсын стандартуудын мөрдөлт, аудитын үйл ажиллагааны чанарын хяналт, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогчдын үйл ажиллагаа, мэргэжлийн байгууллагууд олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж санал солилцсон байна.
ММНБИ-ийн Гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан Вьетнамын Мэргэшсэн нягтлан бодогчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Тран Кан Лам-тай тусгайлан уулзалт хийж хоёр орны мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.