Х.Баттулга: Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна
2017.07.10

Х.Баттулга: Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна

Өнөөдөр /2017.07.10/ Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөж, тамгаа хүлээн авлаа.

Түүний тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэе.

"Монголчуудаа элэг нэгт ахан дүүсээ, УИХ-ын эрхэм гишүүдээ, хүндэт зочид хадагтай ноёдоо.  

Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагийг өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэж буй итгэл найдвар, хүндэт хариуцлага бөгөөд, бидний Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна.

Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун баяр, талархал илэрхийлье.

Мөн хамтран өрсөлдөж, Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөө Монголын төлөөх цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсье. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож, ажилласан Ц.Элбэгдоржийн цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар, араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэлгээг шаардаж байна.

Олон түмний хүлээлт хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлүүлэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж би ойлгож байна. 

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа дахин тангараглаж байна.

Их Хурлын эрхэм гишүүдээ, та биднийг хойшлуулшгүй шийдэх ёстой ажлууд шилээ даран хүлээж байгааг бид бүгд мэдэж байгаа.  Би нэн түрүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлээс гаргахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл ноцтой хэмжээнд ирж, үндэсний аюултай байдалд хүрснийг онцгой анхаарч, бүх боломж бололцоог үүнд чиглүүлэн төвлөрч, та бүхэнтэй хамтарч ажиллах болно. Энэ зорилгын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч ажиллаж нэгэн хүчээр үр дүнд хүрэхийг зорих болно гэдгийг та бүхэнд дуулгая.

Хамтын хүч ямагт амжилт авчирдаг.

Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг дэмжин ажиллах болно гэдгээ хэлье.

Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дульмаг боловсруулсан бодлого, шийдвэр, хууль тогтоомж хууль гаргаваас засаж залруулахын төлөө шаардлаж, шүүмжлэх болно.

Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт би итгэл төгс байна. 

Миний бие дараах зүйлсийг ажлын зарчимдаа дэмжихгүй. Миний бие хууль ёсыг уландаа гишгэсэн түшмэдийн бодлогыг хэзээ ч дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно.Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ. Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг жишгийг халах болно. 

Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна. Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.

Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна. Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч орон, үйлдвэрлэгч улс, хамтрагч үндэстэн байлгахын төлөө ажилдаа шуурхайлан орно.

Мөнхийн хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай нараймдалт, сайн хөршийн харилцаагаа бүх талбарт тэлж гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарал хандуулна. Монголын маргаашийг, эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.

Мөнх тэнгэр биднийг ивээг. Сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай. Дээдсийн минь хийморь сүлд биднийг уриалан дуудаг. Монгол Улс хөгжин бадартугай. Баярлалаа"