“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн зээлийн хэлэлцээрийг баталлаа
2017.07.06

“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн зээлийн хэлэлцээрийг баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.07.06) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэгджээ. Хөтөлбөр нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын нэг хэсэг юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэг рүү чиглүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн нэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг нийт 18 бодлогын арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Уг хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкнны 150 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. 

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж санал нэгтэйгээр дэмжсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй. Иймээс санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь нь  уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж баталлаа.