Д.Оюунхорол: Жендэрийн эрх тэгш байдал зөвхөн эмэгтэйчүүдэд биш эрэгтэйчүүдэд хамаатай
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Танай байнгын хороо Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл дээр ажилласан. Хуулийг боловсруулах гол үндэслэл юу байв?
-Хуулийн төслийг боловсруулж Засгийн газраас санал авч дэмжигдээд УИХ-д өргөн барьсан. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тулгуур нөхцөлийн нэг нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах юм. Юуны өмнө хууль тогтоогчдод ийм хууль батлах зайлшгүй шаардлага бий гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Жендэрийн эрх тэгш байдал гэхээр манайхан зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгож ирсэн. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэднийг дарга болгох тухай асуудал биш. Ерөөсөө л хүйсийн тэнцвэртэй байдлыг хэлээд байгаа юм шүү дээ. Манайд жендэрийн тэгш байдлыг хангахад ахиц гарсан. Гэхдээ жендэрийн тэгш бус байдал нийгмийн харилцаанд амь бөхтэй оршин хүн амын ахуй амьдралд сөргөөр нөлөөлсөөр байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах харилцаанд хөдөлмөр эрхлэлтэд эрэгтэй, эмэгтэй хүний тэгш боломж, нөхцөл Жендэрийн хуулиуд чухал байр суурь эзэлдэг. Гэтэл ийм хуульгүй Зүүн Азийн гурван улсын нэг нь Монгол болж байна. Хамтарсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Жендэрийн тэгш байдлыг хан¬гах асуудлаар хуулийн төсөл боловcруулна" гэж орсон нь хуулийн төсөл боловсруулах гол үндэслэл болсон.
-Гэхдээ тодорхойлсон хуульгүй ч манай улсын зохих хуулиудад жендэрийн асуудлыг хөндсөн заалтууд байдаг болов уу?
-1924 онд батлагдсан Анхдугаар үндсэн хуульдаа эрэгтэй эмэгтэй хүний эрх тэгш эрхийг хангах заалтыг анх удаа тунхаглан хэрэгжүүлж ирсэн. өдгөө манай улсын 340 гаруй хуульд хийсэн судалгаагаар 50 шахам хуульд жендэртэй холбоотой заалт тусчээ. Гэвч ихэнх нь тунхаглалын шинжтэй, жендэрийн харйлцааг өнгөц хөндсөн, өөр хоорондоо зөрчилтэй, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй маргаан гомдлыг шийдвэрлэх боломжийг бүрэн тодорхойлоогүй зэрэг дутагдалтай.
-Жендэрийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа жендэрийн асуудалтай холбоотой судалгаа хийсэн байх. Сонирхолтой тоо баримт гарсан болов уу. Олон улстай харьцуулахад жендэрийн төвшин хаахна нь явна вэ?
-НүБ-ын Хүний хөгжлийн 2007/2008 оны илтгэлд дурдсан чансаагаар Монгол Улс хүний хөгжлийн индексээр 177 орноос 114-т, жендэр хөгжлийн индексээр 177 улсаас 100-д, жендэрийн тэгш боломжийн хэмжүүрээр 93 орноос 77-д орсон байсан. Тийм ч бахархмаар үзүүлэлт биш гэдэг нь ойлгомжтой.
-Жендэрийн эрх тэгш байдал гэхээр эмэгтэйчүүд хүнд нөхцөлд ажилладаг, цалин хөлсний ялгаа, шийдвэр гаргах төвшинд төдийлэн олон эмэгтэйчүүд байдаггүй гээд бэрхшээлүүд тоочдог. Хэр зэрэг үнэн бодитой вэ?
-Хөдөө аж ахуйн бус салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн арван жилд буурсан сайн талтай. Гэхдээ л эмэгтэйчүүдийн ажилгүйдэл эрэгтэйчүүдийнхээс 22 хувиар илүү, дундаж орлого нь эрэгтэйчүүдийнхээс хоёр дахин бага, эмэгтэй хүн эрэгтэйгээсээ улсын дунджаар 2002 онд 9000 төгрөгөөр бага цалин авдаг байсан. Гэтэл 2007 онд 27000 мянга болтлоо өссөн. Түүнчлэн ижил салбарт адилхан ажил эрхэлдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа зарим салбарт 35000-65000 төгрөгийн зөрүүтэй байна. Хөдөөгийн 30-49 насны хүн амын дотор хүй¬сийн харьцаа 10-15 хувиар алдагдсан. үүний улмаас өрх толгойлсон ядуу эмэгтэйчүүдийн тоо хот, хөдөөгүй өсөх хандлагатай боллоо. Гэр бүлээ цуцлуулсан эрэгтэйчүүийн 80 хувь нь хүүхдийн тэтгэмж төлдөггүй. НүБ-ын Хөгжлийн хөтөлбөр, үндэсний статистикийн газартай хамтран 2000 онд явуулсан судалгаагаар ажлын цаг ашиглалтын судалгаа сонирхолтой гарсан.
Хот, суурин газрын эмэгтэйчүүд ажлын өдрийн цагийн 54.3, хөдөөгийн эмэгтэйчүүд 89.5 хувийг хөлсгүй, хөдөлмөрт зарцуулдаг нь тогтоогдсон. Эмэгтэйчүүд хүн амын ажиллах хүчний, сонгогчдын тал хувийг эзэлдэг атлаа тэдний шийдвэр гаргах төвшин дэх оролцоо хэт доогуур байна. Ганцхан жишээ хэлье. УИХ дахь эмэгтэй гишүүний тоо 1990 онд 24.9 хувь байснаа 2009 онд 6.6, 2009 онд 3.9 хувь болтлоо буурсан. 1990 онд АИХ гэж байхад эмэгтэйчүүд 24.9 хувьтай байжээ. өнөөдөр шийдвэр гаргах төвшинд дэлхийн дунджаас дөрөв дахин, эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхэнд хамгийн хойрго ханддаг Арабын орнуудын дунджаас бараг хоёр дахин доогуур байна.
-Эрэгтэйчүүдийн хувьд ч жендэрийн асуудал хөндөгдөх болов уу. Ганц бие эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, өвчин зовлонтой эрэгтэйчүүд цөөнгүй байдаг шүү дээ?
-Эрэгтэйчүүдийн дунд жендэрийн тулгамдсан асуудал өсөн нэмэгдэж байгаа. Ганц бие эцгийн нийгмийн даатгал, халамжийн эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй. Ажил эрхэлдэг ганц бие эцэг хүүхэд хүмүүжүүлэх, асрахтай холбоотой хөнгөлөлт эдлэхийг эрхийг хууль тогтоомжид бүрэн тусгаагүй, хүүхдийн цэцэрлэг, бага, дунд сургуульд эрэгтэй багш цөөн тоогоор ажилладаг зэрэг нь хойч үеийнхний хүмүүжил төлөвшилд эрэгтэйчүүдийн үлгэр дууриал, үүрэг хариуцлага, үр нөлөө дутмаг болохыг л илтгэж байна.
-Эдгээрийн сөрөг үр дагавар гэж бас гарах байх. Эрэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, нөлөө хомсдмол хүрээнд орсноор элдэв гэмт хэрэгт холбогдох зэрэг үзэгдэл гардаг болов уу?
-Дээр өгүүлсэн бүхэн эцэстээ сөрөг үр дагавартай. Эр хүний үүргийн талаар тогтсон жендэрийн хэвшмэл үзэл орчин үеийн гэр бүлийн бодит амьдралтай зөрчилдөх болжээ. үүний зэрэгцээ ажлын байр, орлого олох бололцоо хомс болсноос олон эрэгтэй хүн бухимдалд орж эцэстээ нийгмийн харилцааны хэм хэмжээг зөрчих, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэрэгт холбогдох нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн эрэгтэйчүүдийн дунд цус харвалт, зүрхний шигдээс өвчний төвшин өндөр, эмэгтэйчүүдээс уушигны хавдраар гурав, ходоодны хавдараар хоёр дахин илүү тоогоор өвчлөх, нас барах боллоо. Энэ бүхний эцэст тулгуурлаад дүгнэхэд боловсролын үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй болгох, хөвгүүдийн хөгжлийн онцлогийг бага, дунд боловсролын сургалтын явцад харгалзан үзэх, улмаар хөвгүүдийн амьдралдаа ухамсартай сонголт хийх боломж, чадавхийг бэхжүүлэхэд илүүтэй анхаарах шаардлага амьдралаас урган гарч ирж байна. Тэгэхээр Жендэрийн эрх тэгш байдал зөвхөн хүй¬сийн ялгаа, эмэгтэйчүүдийн эрхийн тухай биш эрэгтэйчүүдэд ч хамаатай асуудал биш юм.