2017.06.05
“САНХҮҮГИЙН МАНЛАЙЛАГЧ-2017” ТЭМЦЭЭНД БАЯНЗҮРХ САЛБАР ТЭРГҮҮЛЛЭЭ
Мэтгэлцээний тэмцээнд Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол салбарууд болон ММНБИ, нийт 8 багийн 24 мэргэшсэн нягтлан бодогчид логик сэтгэлгээ, оюун ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдлөө. Мэтгэлцээний тэмцээний шийдлүүд буюу сэдвүүд нь мэргэжлийн ур чадвар болоод нийгэм эдийн засаг, цаг үеийн үйл явдал, өргөн хүрээг хамарсан байв.
Шүүгчдийн саналаар 1-р байрыг Баянзүрх салбараас оролцсон “Баянзүрх-Нэг зүрх” багийн тамирчид эзэлсэн бол, 2-р байрыг Хан-Уул баг, Баянзүрх салбарын “Түүчээ” багууд тус тус эзэллээ.
Уран илтгэлийн тэмцээнд Хан-Уул салбараас “АПУ” ХК-ийн нягтлан бодогч Х.Батхүрэл “Эх орондоо хайртай”, Баянзүрх салбараас СЭЗИС-ийн багш, доктор Б.Авирмэд “Өөрөөсөө илүү өрөөлд”, “BDO Аудит” ХХК-ийн ахлах аудитор Ж.Энхчимэг “Долоо хэмжиж нэг огтол”, Чингэлтэй салбараас Татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрах “Үрэхээсээ илүү хэмнэ”, “Цоглог хангай” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ч.Алтангэрэл “Муу нуухаар сайн илчил” сэдвүүдийг тус тус сугалж, нэг минут бэлтгэж, илтгэх чадвараараа өрсөлдсөнөөс Б.Галбадрах бусдыгаа тэргүүлж, Ж.Энхчимэг, Б.Авирмэд нар удааллаа.
Санхүүчдийн дагалдах ур чадварыг хөгжүүлэх үүднээс энэхүү тэмцээнийг ММНБИ-ийн Улаанбаатар салбараас 2014 оноос анх санаачлан зохион байгуулж ирсэн бөгөөд 2017 онд ММНБИ, нийслэл хотын салбаруудтайгаа хамтран уламжлал болгон зохион байгууллаа. Тэмцээнийг ММНТ-ын мэргэжлийн шүүгчид шүүж дүгнэлээ.
“Санхүүгийн манлайлагч-2017” тэмцээнийг С.Оюунгэрэл захиралтай “Голдэн пэйж Аудит” ХХК 15 жилийнхээ ойн хүрээнд ивээн тэтгэж, дэмжиж оролцлоо.