Нэмэлт санхүүжилтын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2017.06.02

Нэмэлт санхүүжилтын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.02) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан нэмэлт санхүүжилтын хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011 оноос 2017 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сум хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажиллажээ. 
Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06  сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөөд байна. 
Санхүүжилтийн ерөнхий мэдээлэл:
  • Зээлийн хэмжээ: 9.06  сая ам.доллар
  • Хүүгийн хэмжээ: 1.25%
  • Үйлчилгээний шимтгэлийн хэмжээ: 0,75%
  • Эргэн төлөх хугацаа: 25 жил (Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил)
 
Төслийн гол зорилго нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад оршиж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.