2017.06.09

Ж.Бат-Эрдэнэ: Зээлийн хөрөнгийг эргэн нөхөгдөх үйлдвэрлэл рүү оруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуув

Хойноос эсвэл урдаас орж ирж байгаа мөнгө үү гэдэг нь чухал биш. Энэ мөнгө хэдий хэмжээтэй вэ, ямар хүүтэй вэ? ашигтай байна уу? хэрхэн ашиглах вэ гэдэгт гол ач холбогдол нь байх ёстой. Сангийн яамнаас тодруулмаар байна. 

Хэдэн төгрөг дээр ямар ямар зээл гарч байгаа вэ? энэ нь яг хэзээ шийдэгдэх юм бэ? Энэ зээл орж ирээд гүйцэтгэгдэх хугацаа нь ямар байгаа вэ? үүнийг тодруулж өгөөч.

Хоёрдугаарт, Энэ 12 махны үйлдвэр хаана баригдах юм бэ? зээлийг импортыг эргэн нөхөгдөх хэмжээний үйлдвэрлэл рүү оруулах шаардлагатай л байгаа юм даа.

Гаднаас валют олж байдаг, эдийн засгийн үр ашиг өгч байдаг, хэсэг хугацааны дараа ашиг олж, ашгаараа энэ зээлээ төлж байдаг үйлдвэрлэл рүү л зээлийн мөнгийг оруулах хэрэгтэй. Ингэхгүй бол эргээд Монгол улсын төсөв дээр дарамт болдог жишиг тогтох гээд байна. Тодорхой бодлогуудынхаа талаар тайлбар өгөөч

Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариулав

Зээлийн нөхцөл нь 65 хувь нь БНХАУ-ын үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн байхаар байгаа. Бидний гол анхаарсан зүйл бол эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр рүү оруулахад илүү их чиглэгдсэн. 

Зүүн тийшээ  Гачуурт, Налайх, Чойрын уулзар нь худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын томоохон бүс нутаг учир эдийн засгийн үр ашигтай гэж үзсэн. Улаанбаатар Мандалговийн агаарын цахилгаан шугам нь Оюутолгой, Таван толгой, Цагаан суварга гэсэн томоохон орд газруудыг эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангана. Үүнээс гадна Таван толгойн цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд  хоёр талын эх үүсвэртэй систем хоорондын агаарын шугам барихаар төлөвлөж байгаа. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц мөн адил. нийгмийн чиглэлийн гэвэл үнийн дүн багатай боловсролын салбарын 2 төсөл байгаа.