2020 онд зэсийн үнэ 4725,5 ам.доллар байна гэж төсөөлж хуулийн төслийг баталлаа
2017.05.31

2020 онд зэсийн үнэ 4725,5 ам.доллар байна гэж төсөөлж хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг 2017 оны 5 дугаар сарын 27-ны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй байна. Тиймээс байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжиж, өнөөдөр чуулганы хуралдаанд уламжлав.

Байнгын хорооны даргын горимын саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг батлах тухай санал хураахад 50 гишүүн оролцож, 37 гишүүн зөвшөөрч, 74 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа. 

Уг хуулийн төслөөр бол төсвийн тусгай шаардлага дараах байдлаар хангагдахаар байна. Үүнд,

- Олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн мэдээллийн байгууллагаас гаргасан төсөөлөлд үндэслэн, макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн орлогыг тооцсон. Ингээд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 2018 онд тн тутамд 4658,9 ам.доллар, 2019 онд 4725,5 ам.доллар, 2020 онд 4725,5 ам.доллар байхаар байна.

- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг хуулиар тогтоосон хязгаарт нийцүүлэн 2018 онд 9,5 хувь, 2019 онд 6,9 хувь, 2020 онд 5,1 хувийн алдагдалтай байхаар тооцжээ.

- Ирэх жилийн төсвийн зарлагын өсөлтийн хувь нь 2018 онд ДНБ-ий 8 хувь, 2019 онд 5,5 хувь, 2020 онд 5,9 хувь байхаар тооцсон.

- Засгийн газрын өөрийн хөрөнгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг хуулиар тогтоосон хязгаарт буюу 2018 онд 80 хувь, 2019 онд 75 хувь, 2020 онд 70 хувь байхаар тооцлоо.