МҮЭХ, Фридрих Эбертийн сангийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байна
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн /ФЭС/ Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Нийлс Хегевиш
2017.05.19

МҮЭХ, Фридрих Эбертийн сангийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байна

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн /ФЭС/ Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Нийлс Хегевишийг өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа.

Тэрээр уулзалтын үеэр манай хоёр байгууллага он удаан жилийн уламжлалт хамтын ажиллагаатай түүнчлэн тус сангийн зүгээс МҮЭХ-ны үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд энэ жил МҮЭ-ийн холбооны түүхэн ой, их хурлын жил тул өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МҮЭХ-ноос нийгэмд болон гишүүддээ зориулан явуулсан томоохон арга хэмжээ, мөн ФЭС-тай хамтран хийсэн ажлаа дүгнэхээс гадна ирэх жилүүдэд хийх ажлаа тодорхойлох энэ цаг үед ФЭС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал төдийлөн таатай бус байгаатай холбоотой ард, иргэдийн амьдрал ч сайнгүй байгаа тул МҮЭХ-ноос явуулж байгаа үйл ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлага байгааг онцлоод МҮЭХ, ФЭС-гийн 2017 онд хамтран ажиллах саналаа албан бичгээр яаралтай хүргүүлнэ гэлээ.

Суурин төлөөлөгч Нийлс Хегевиш хэлэхдээ, ФЭС-гийн зүгээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтарч ажиллах мөн цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь маш чухал. Нийгмийн энх тайвныг хангахад үйлдвэрчний  эвлэлийн үүрэг маш чухал гээд МҮЭХ-ны чухал томоохон арга хэмжээнд оролцох завшаан олдсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр ХЭҮК, МХЕГ-ын удирдлагуудтай өмнө хийсэн уулзалтуудын үеэр уламжлал болгон зохион байгууллагддаг бүсийн сургалтуудыг үргэлжлүүлэхийг санал болгосноо дурдав. Түүнчлэн энэ сарын 23-ны өдөр МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хороотой хамтран “Эмэгтэйчүүдийн аж байдал ба хөдөлмөр эрхлэлт” сэдвийн дор Бага хурал зохион байгуулахаар тогтсон, хуралд ХНХЯ, Засгийн газрын агентлагууд, ТББ-ууд оролцох сонирхолтой байгааг тэмдэглэв. Энэ оны хоёрдугаар улиралд багтаан МҮЭХ, ХЭҮК, МХЕГ, ФЭС-гийн хамтарсан уламжлалт арга хэмжээ болох “Хөдөлмөрлөх эрх” бүсийн сургалтыг зохион байгуулах саналтай байгаагаа хэллээ. Ийнхүү МҮЭХ, ФЭС-гийн хамтын ажиллагаа улам өргөжин батжиж, хөдөлмөрийн хүний сайн сайхны төлөө олон зүйлийг хамтдаа хийж бүтээнэ гэдэгтээ итгэл төгс байгаагаа хоёр тал харилцан илэрхийлэв.