2017.05.18

Ж.Энхбаяр: Залуучуудаа бодлогоор дэмжих амлалтынхаа ард гарсандаа баяртай байна

Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг хуулийн санаачлагч, ажлын гишүүд болон холбогдох байгууллагынханд баяр хүргэсэн юм.

Ж.ЭНХБАЯР: ЗАЛУУЧУУДАА БОДЛОГООР ДЭМЖИХ АМЛАЛТЫНХАА АРД ГАРЛАА

Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх үүргийг тодорхой болгосон хууль анх удаа батлагдаж байна. Энэ хууль 15-34 насны залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд үйлчлэх зорилгоор гарч ирж байна. Доорх 5 чиглэлээр залуучуудын хөгжлийг дэмжинэ. Хувь хүний хөгжил, Боловсрол, соёл, урлаг спорт, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хөдөлмөр эрхлэлт, Аюулгүй амьдрах, хөгжих орчныг дэмжинэ гэсэн чиглэл бүхий багц хууль гарч байна.

Энэ хуулийг гаргахад санаачилгатай ажилласан УИХ дахь залуу гишүүдэд баяр хүргэе. Энэ хуулийг дэмжиж байгаа залуучуудын байгууллагын үе үеийн удирдлагад ажиллаж байсан олон арван гишүүд энэ дотор сууж байна. Бид сонгуулиар залуучууддаа томоохон бодлогын дэмжлэг үзүүлж, залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болно гэсэн амлалтынхаа ард гарж байна.

Хамгийн гол нь энэ хуулийг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага болсон Нийгэм Хамгаалал, Хөдөлмөрийн Яам онцгой анхаарч, ажил хэрэгч хандан, залуучууддаа ойр байж, энэ хуульд тусгасан гол зорилт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө идэвх чармайлттай ажиллахыг хүсч байна.

Энэ хуулийг дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.