УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.02.08

Б.Саранчимэг: Залуучуудыг яг яаж дэмжих талаар нарийвчлан тусгах шаардлагатай байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хууль санаачлагчаас тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Бидний залгамж халаа болсон залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилд анхаарч, нийгмийн харилцаанд оролцох оролцоо, эрх үүргийг зохицуулж байгаа нь сайн хэрэг. Тиймээс уг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Хуулийн төслийн зарим зүйл заалтаас асууж тодруулах шаардлагатай хэд хэдэн зүйл байна.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай гэсэн нэртэйгээ уялдаад тэр үү “дэмжих” гэдэг ерөнхий нэршлийг хуулийн төсөлд их ашиглажээ. Хэлэлцүүлгийн явцад яг яаж дэмжих талаар нарийвчлан тусгах шаардлагатай байна. Ер нь “дэмжих” гэдэг үг ямар утгаар оруулснаа тайлбарлана уу?

Тухайлбал, хуулийн төсөлд, Залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг дэмжинэ гэж тусгасан байх жишээтэй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

Аливаа хууль, хуулийн төсөлд дэмжинэ гэдэг үгийг их ашигласан байдаг. Тиймээс хуулийн төсөлд “дэмжинэ” гэдгийг ерөнхий утгаар нь оруулж тухай бүрт нь эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалан тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ энэхүү хуулийн төслийн зүйл, заалтуудыг барьж ажиллана гэсэн үг.