40 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр хэрэгжих хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
“Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 2016-2020 он гэж байсныг 2017-2020 он болгон өөрчилж, үүнтэй холбоотойгоор 2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийг төслөөс хасах зэрэг саналын томъёоллыг боловсруулжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны эцэст Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр албан ёсны статистикийн үйл ажиллагаанд ҮСС-ийн зохицуулалт, хөгжлийн бодлогыг удирдан зохицуулах ҮСХ-ны зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн болон оролцогч талуудын чадавхи сайжрах, статистикийн дэд бүтцийн хүрээнд түүврийн хүрээ, статистикийн арга зүй, аргачлал, ангилал, стандарт, хууль эрх зүйн зохицуулалт хангагдах, ҮСС-ийн байгууллага, нэгжүүдийн гаргасан статистикийн мэдээлэл нь хөгжлийн бодлоготой уялдсан, тэдгээрийн хамралт, нарийвчлал, хүртээмж, чанар сайжрах зэрэг өөрчлөлт, дэвшилт гарах талаар төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Нийтдээ 4 жилийн хугацаанд 40 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр хэрэгжих хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Байнгын хороо шийдвэрлэв.