Дэлхийг шуугиулж буй “Бүргэдчин охин” кино Монголд нээлтээ хийлээ
Бүргэдчин охин” кино дэлхий дахиныг шуугиулаад байгаа ч Монголчууд маань хараахан үзэж амжаагүй байсан юм. Тэгвэл энэ сарын 04-ний өдөр Тэнгис кино театрт уг киноны албан ёсны нээлт боллоо.
Бүргэдчин охины гайхам түүхийг өгүүлэх тус киног Монголд гаргах эрхийг Л.Болд гишүүний тэргүүлдэг “Шинэ Монголын Санаачилга” ТББ хөөцөлдөн байж авчээ. Нээлтэнд Айшолпан охин болон түүний аав Нургаев, кино бүтээхэд дэмжлэг үзүүлсэн Соёл, спорт, аялал жуучлалын сайд асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей нар уригдан оролцсон юм.
Монгол орноо дэлхий дахинд сурталчилж байгаа “Бүргэдчин охин” киног Монгол хүн бүр шимтэн үзэх киноны нэг гэдгийг нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд онцолж байсан бол Соёл, спорт, аялал жуучлалын сайд асан Ц.Оюунгэрэл байгалийн шуурга, хэвлэл мэдээллээр гарч байсан сөрөг мэдээллийн шуургыг сөрөн байж кино та бидний хүртээл боллоо.
Болох болохдоо дэлхий нийтийг шуугиулж кино урлагийн олон арван наадамд нэр дэвшиж шагнал хүртлээ. Бүргэдчин охин Айшолпан киноныхоо өгөөжийг хүртэж киноноос олох ашиг бүрээс хувь хүртэх болсны дээр цаашид ч энэ сэдвээр хийгдэх хүүхэлдэйн кино, ном тохимол гээд олон нийтэд түгэх контент бүрт оролцоогоо бүрдүүлэхээр болсон таатай мэдээг дуулгасан юм.
Айшолпаны аав Нургаев кино бүтэхэд болон Монгол түмэндээ хүргэхэд тусалсан бүх эрхмүүдэд талархаад хүүхэд бүр хүсэл мөрөөдөлтэй, гагцхүү түүндээ хүрэхэд нь анхны алхам юунаас илүү чухал. Би ердөө л бяцхан охиныхоо хүсэл эрмэлзлэлийг сонсож түүндээ хүрэх эхний алхамд нь тусалсан аав.
Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож хөгжүүлэх нь ямар гайхам сайхан амжилтад хүргэдгийг охиноороо дамжин харж бахархаж зогсох сайхан байна. Хүн бүр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож байгаасай гэж хүсч байна хэмээсэн юм.
Кино омогшуулж, бахархуулж, инээлгэж, уйлуулж, эх орныхоо үзэсгэлэнт байгалийг бишрүүлж, нижгэнэсэн алга ташилтан дор өндөрлөлөө.