Ончтой санаачилга
Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ гишүүн болсноосоо хойш аялал жуулчлалын салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулж байна.
Анхны илэрхийлэл
Тэрээр Засгийн газрын сайдуудыг томилох үеэр ч тэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх үеэр ч тэр Монголын нууц товчоонд бичигдсэн түүхэн дурсгалт газруудыг олон улсад хүлээн зөвшөөрөх, Чингис хааны алдар цууг мөнхжүүлэх тал дээр Д.Оюунхорол сайдаас бодлогын дэмжлэг хүсч байсан юм.
Энэ нь аялал жуулчлалыг хөгжлийн гол гарц гэж харан “Их Эзэн Чингис хаан-Дэлхийн мянганы суут хүн” түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэнг Хэнтий аймагтаа байгуулах санаачилга дэвшүүлсний анхны илэрхийлэл байв.
"Их Эзэн Чингис хаан-Дэлхийн мянганы суут хүн" төслийн ерөнхий зураглал
Түүний дараагийн алхам энэ төслөө олон нийтэд танилцуулах байлаа. “Азийн хүлэг улс бодлогын судалгааны хүрээлэн”, “Hero Entertainment”-тай хамтран “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжил-Соронзон орон” сэдвээр "Зуун чухал сэдэв" нэвтрүүлгийн нэг дугаарыг толилуулав.
Итгэн үнэмшүүлэх тактик
Уг нэвтрүүлгээр дамжуулан гадаадын жуулчдын Монголд ирдэг шалтгаан, Монголд ирэх жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал зэргийг танилцуулж, Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумыг ӨМӨЗО-ны Ордос хотын зэрэгт хүргэж хөгжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр Чингисийн талбай, Чингис хот, Чингис архи гэж нэрлээд Чингис хааныг бид дэлхий дахинд тамгалж чадахгүй. Үүний оронд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Чингис хааны төрсөн нутагт түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулснаар жуулчдыг татаж, Чингис хаан энд төрсөн юм гэдгийг батлах хэрэгтэй гэж үзэж байна. Л.Оюун-Эрдэнэ өөрийн санаачилга, үзэл санаагаа салбар салбарын төлөөллөөр дамжуулан баталгаажуулж, олон нийтэд итгэл үнэмшил төрүүллээ.
Тэр ингээд зогссонгүй.
ХБНГУ-ын Берлин хотод болсон 51 дэх удаагаа “Ай Ти Би Берлин 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцов. Үзэсгэлэнгийн үеэр “Торгоны зам дагуух түүхэн аялал жуулчлал” сэдвээр илтгэл тавьж, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифайд Их Эзэн Чингис хаан-Дэлхийн мянганы суут хүн” түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах төслөө танилцуулав. Түүнийг УИХ-ын аялал жуулчлалыг дэмжигч парламентын бүлгийн дарга гэдгийг энд онцлох хэрэгтэй болов уу.
Олон улсын үзэсгэлэнгээс хөдөө орон нутаг руу хүлгийн жолоо залж, намрын чуулганы завсарлагааны үеэр “Түүхэн аялал жуулчлалын жимээр” хэмээх Их хааны нутгаар аялах гурван сайдын аяллыг зохион байгуулав. Удаа ч үгүй "Замд гаръя" нэвтрүүлгээр төслийн маркетингаа үргэлжлүүлэв.
Түүний санаачилгыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар дэмжиж, онц ач холбогдолтой төсөл гэж дүгнэв.
Бодит алхам
Тэрээр төслийн ач холбогдол, агуулгаа хангалттай сурталчлан таниулсан гэж үзээд одоо бодит алхам хийхээр болж, “Хэнтий аймгийн Дадал суманд аялал жуулчлалын цогцолбор байгуулах шилдэг санаа” төслийн уралдаан зарлаж байна.
Архитектор дизайнер, уран барималч, түүх соёл сонирхон судлаач, аялал жуулчлалын мэргэжилтнээс бүрдсэн баг уг төслийн уралдаанд оролцох боломжтой. Багууд Хэнтий аймгийн Дадал сум, Дэлүүн болдог, Балжийн голд аялал жуулчлалын шинэ брэнд бий болгох, түүхийн судалгаа, аялал жуулчлалын зах зээлийн шинжилгээнд суурилсан шилдэг санаагаа илэрхийлэл төсөл бичих юм.
Төслүүдийг 5 дугаар сарын 10 хүртэл хүлээн авч, 6 дугаар сарын 5-нд дүгнэнэ. Шалгарсан бүтээлээр уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж, 1-3 байр эзэлсэн багуудад 1-5 сая төгрөгийн шагнал тус тус олгохоор төслийн уралдааны удирдамж гарчээ.
Ингээд төслийн санаагаа олсноор цаашид бүтээн байгуулалтын ажил өрнөх байх. Энэ хооронд төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахыг зорих болов уу.