Л.Оюун-Эрдэнэ: АТГ-т ажлаа хийх боломжийг нь олго
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.28/ УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож, уг асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛБАНКТАЙ ХОЛБООТОЙ НИЙГМИЙН ХАРДЛАГЫГ ХЭЗЭЭ ЦЭГЦЛЭХ ВЭ?
Нийгэмд ил тод, нээлттэй мэдээлэл өгөх ёстой гэдэг дээр 100% санал нэг байна. АТГ-ын дарга 2 зүйлийг ойлгомжтой хэлж байна. Нэгдүгээрт, оффшор бүсийг бид шалгах хөрөнгө мөнгөний болоод хүн хүчний бололцоо алга гэж байна. Тийм бол энэ асуудлыг цаашид яриад яах юм бэ? Хоёрдугаарт, эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн улмаас оффшор, авилгалыг илрүүлж болохгүй байна гэж байна.
Улстөрчид үнэхээр шударга юм бол энийг нь хуулиар нээгээд өгөх хэрэгтэй шүү дээ.
Бизнес эрхлэгчид нь орохгүй л байна биз. Тэгэхгүй бол нийгэмд байгаа хардлага ил тод нээлттэй болохгүй.
Улстөрийн авилгалын тодорхойлолт нь хуулиар олгогдсон эрх мэдлээ хууль бусаар хувийн сонирхолдоо ашиглах гэж байна. Үүний дараачийн шат нь хил хязгааргүй авилгал гэдэг ойлголт нь байна. Энэ нь авилгачид өөрсдөө төрийн хуулиа зохиогоод , авилгынхаа бүтцийг бий болгодог систем рүү ордог. Энэ шат руу орохоос сэргийлээд АТГ-аас хүсч буй 2 зүйлийг хийх ёстой.
Хөгжлийн банк, Монголбанктай холбоотой нийгэмд байгаа хардлагыг хэзээ цэгцлэх вэ? Үүнийг тодорхой цаг хугацаа гаргаж хариулж өгөөч. Хөрөнгө мөнгөний болон хуулийн ямар хүндрэл гараад байгаа юм бэ? Тэр асуудлыг нь парламент, Засгийн Газар зохицуулж өгөх ёстой.
АТГ-ЫН ДАРГА Х.ЭНХЖАРГАЛ:
Хөгжлийн банк, Монголбанктай холбогдолтой асуудлууд АТГ-т шалгагдаж байгаа. 2 жилдээ бол дуусахгүй байх. Мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа учраас яг тодорхой хэргийг прокурорын зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. УИХ-аас Монголбанкад шалгалт оруулсан. Энэ дүн хэлэлцэгдээд ирсний дараа тодорхой үйл ажиллагаагаа нэгтгэж шалгана.