Ж.Ганбаатар: "17 тэрбум ам.доллар" гэхээр манайдаа томдсон тоо байна
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2017.04.28

Ж.Ганбаатар: "17 тэрбум ам.доллар" гэхээр манайдаа томдсон тоо байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.28/ УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож, уг асуудлыг хэлэлцэж байна. 

Тэрээр Монгол Улсаас оффшорт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа албан тушаалтнууд оффшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр данс эзэмших, үл хөдлөх хөрөнгө эзэмших, орлогоо нуун дарагдуулах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг 17 ам.долларын хууль бус үйлдлүүдийг гаргасан байж болзошгүй талаар мэдээлэл болон цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "17 тэрбум ам.доллар"-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг АТГ-ын даргаас хүслээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: “17 тэрбум ам.доллар” гэхээр манай улсын хувьд хэт томдсон тоо яригдаад байна гэдгийг байнгын хорооны хуралдаан дээр хүртэл гишүүд хэлж байсан. Тиймээс 17 тэрбум ам.долларын тухай дэлгэрэнгүй хариулт өгөхийг Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалаас хүсч байна.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал: Бидний шүүж үзсэнээр одоогийн байдлаар оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байна. Давхардсан тоогоор 29 иргэний нэр дээр 42 аж ахуйн нэгж байна гэж тогтоогдсон. Энэхүү 29 хүн, 42 аж ахуйн нэгжээс 20 хүн нь төрийн албанд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа, тэдэнтэй хамаарал бүхий иргэд байна.

Нэр бүхий УИХ-ын гишүүд оффшор бүсэд бүртгэлтэй байна гэсэн мэдээллийн дагуу тэдгээр төрийн албан тушаалтнуудаас тодруулга авсан. Тэд оффшор бүсэд аж ахуйн нэгж байгуулсан боловч огт ажиллуулаагүй, хөрөнгө татах зорилготой байсан, бизнесийн нэр хүндээ өсгөх гэж байгуулж байсан эсвэл төрийн албанд ажиллахаар болсон учраас татан буулгасан гэж тайлбарласан. 

“17 тэрбум ам.доллар” гэдэг тоо хаанаас, хэн гаргаж ирснийг сайн мэдэхгүй байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал

2008 онд гарсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар 2,1 их наяд төгрөгийн хөрөнгө ил болж,  аж ахуйн нэгжүүд нийт 471 тэрбум төгрөгийн татвараас хөнгөлүүлсэн байдаг. Гэтэл 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар 33,3 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарч, аж ахуйн нэгжүүд нийт 7,1 их наяд төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн байдаг.

Энэ тоог харахад оффшор бүс гэхээсээ илүү дотоодын зах зээлд асар их хөрөнгө нуугдаад байгаа юм биш үү гэж таамаглаж байна.

2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6,1 дэх хэсэгт "Хуулийн дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно" гэж заасан.

Үүний дагуу татварын байгууллага аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн мэдээллийг чанд нууцлаад Ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр эсвэл шүүхийн шийдвэрээр мэдээлэл гаргаж өгөх боломжтой гэдэг. Хэрэв аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг шалгах эрх зүйн орчныг бүрдүүлж өгвөл хүмүүсийг хариуцлагад татах биш харин оффшор бүсэд хөрөнгөө нуугаад байгаа юм уу эсвэл дотоодод энэ мөнгө нуугдаад байгаа юм уу гэдгийг тогтоож чадна.