2017.04.24

Ой, хээрийн түймэрт буруутай этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар нийслэл хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч,1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртжээ.

Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 70 хувь өссөн, түймэрт өртөж шатсан ой 6,2 дахин га талбайгаар буурсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тиймээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна. 

Дэлхийн нийт газар нутгийн 26,2 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг. бол Монгол орны нутаг дэвсгэрийн 8 хувийг ой мод эзэлж байна. Сүүлийн 20 жилд ойн түймэр, ойн хөнөөлт шавьжийн хор хөнөөл болон хууль бус огтлолтоос шалтгаалан 1,2 сая га ойн талбай хорогджээ. Манай улсын 17,8 га талбай ойгоор бүрхэгдсэнээс хамгийн их ой модтой найман аймгийг дурдвал, 

  • Хөвсгөл: 3,600,732 га 
  • Сэлэнгэ: 1,931,156 га 
  • Булган: 1,917,692 га
  • Хэнтий: 1,754,717 га
  • Говь-Алтай: 1,673,656 га
  • Төв: 1,388,199 га
  • Өмнөговь: 1,189,226 га
  • Архангай: 1,008,613 га

Ойн тухай шинэчилсэн хуулийг УИХ-аас 2012 оны 5 дугаар сард баталж, хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Мөн Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг боловсруулж батлуулан 2015 оны 5 дугаар сарын 14-нөөс эхлэн дагаж мөрдөж байна. Уг бодлогыг хоёр үндсэн үе шаттайгаар, нэгдүгээр үе шатыг 2015-2020 онд, хоёрдугаар үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлнэ. Ингэж хэрэгжүүлсэнээр ойн түймрийн дундаж талбайг 2020 онд 30 хувь, 2030 онд 70 хувь хүртэл бууруулна гэсэн зорилт тавиад байна. 

Жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг түймрийн аюултай үе гэж үздэг. 

Төрөөс ойн талаар баримтлах бодлого: 

- Ой, хээрийн түймэр, ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах үндэсний чадавхтай байх.

- Ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох менежмент, чадавхыг бий болгон ойг хомсдол, доройтлоос сэргийлэх бодлогын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

- Түймрийн хор хөнөөлийн аюулыг сурталчлах ажлыг эрчимжүүлж, түймрийг зогсоох шороон зурвас, ойн халз зурвас гаргах зэрэг бусад ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн түймэртэй тэмцэх ажлын материаллаг баазыг бэхжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэгэх

- Улсын хил дамнасан түймрээс сэргийлэх, тэмцэх талаар хөрш орнуудтай хамтран ажиллах оновчтой тогтолцоо бий болгох

- Ойн түймрийн аюул бүхий үед эргүүл гаргах, түймрийг илрүүлэхэд сансрын мэдээлэл ашиглах, цахим харилцаа, үүрэн холбооны сүлжээ бий болгох ажлыг зохион байгуулан түймрийг шуурхай илрүүлж, унтраах

Ой, хээрийн түймрээс хамгаалах зарчим

- Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний дагуу эзэмшиж байгаа ойн сангийн хэсгийг ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

- Өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлэхгүй.

- Мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах арга хэрэглэхгүй.

- Шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн болон бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаяхгүй.

- Тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог, хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашиглаж байна.

Ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм нормативын дагуу бүрдүүлэх ба тэдгээрийг түймэр гарсан үед ашиглахад бэлэн байлгана

Ой, хээрийн түймрийн үед буруутай этгээдэд харицлага тооцох тухай:

- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг унтраах, учирсан хохирлыг арилгахад төрөөс олгосон хөрөнгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх

- Гэрээний дагуу эзэмшүүлсэн ойд түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй бол ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

-  Түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх шаардлагыг биелүүлээгүй иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох

- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг унтраах, учирсан хохирлыг арилгахад төрөөс олгосон хөрөнгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх

- Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох

- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэхтэй холбогдсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Засаг даргад Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.