Б.Саранчимэг: Эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн бодлого  хэрэгжүүлэхэд  НАМЭХ бүх хүчээ дайчилна
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.04.20

Б.Саранчимэг: Эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхэд НАМЭХ бүх хүчээ дайчилна

Нийслэлийн МАН-ын дэргэдэх Нийслэлийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/ өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд V чуулганаа хийлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхзүйн орчин бүрдэж, нийгэмд  эзлэх байр суурь  нэмэгдэж буйтай холбогдуулан НАМЭХ хийсэн ажлаа дүгнэж, ирээдүйд хийх ажлаа хэлэлцсэн юм. Чуулганд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Оюундарь, Н.Амарзаяа, А.Ундраа болон нийслэлийн есөн дүүргийн 200 гаруй шилдэг эмэгтэйчүүд оролцож санал бодлоо хуваалцав.

НАМЭХ-ны тэргүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг чуулганыг нээж үг хэлэхдээ “Таван жилийн хугацаанд холбооны үйл ажиллагаа амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Бид өмнөх IV чуулганаас  нийслэлийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдээ  нэмэгдүүлж,  нийгэмд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах эрхэм зорилготой ажиллан холбооныхоо брэнд бүхий ажлуудыг нийгэмд хүргэж чадсан.  

Бүх шатны идэвхтэн сонгуультнуудын нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр ээлжит чуулган ялалт, амжилтаар дүүрэн уур амьсгал дунд өрнөж байна. УИХ-д суудалтай 13 эмэгтэй гишүүний 12 нь МАН-аас, НИТХ-ын есөн эмэгтэйн зургаа нь МАН-аас сонгогдсон. Бидэнд хийсэн ажил их ч цаашид хийх ажил нөр их бий. Өнөөгийн хүндрэл бэрхшээлийг бид давж, намын мөрийн хөтөлбөр, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхэд  НАМЭХ бүх хүчээ дайчлан ажиллах ёстой” гэв.

Уг чуулганаар шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ, боловсролын чанар зэрэг айл өрх бүрт тулгамдаж буй халуун сэдвээр хэлэлцэж, нийслэл, дүүргийн бүх шатанд эдгээр асуудлыг дараагийн гурван жилд, цаашлаад 30 жилд  шийдэх алхам гарган ажиллах ёстой гэдэгт санал нэгдлээ.