МҮХАҮТ-тай нэгдсэн ойлголцолд хүрлээ
2017.04.13

МҮХАҮТ-тай нэгдсэн ойлголцолд хүрлээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл, Тэргүүлэгчдийн төлөөлөл УИХ-д хандаж тавьсан мэдэгдлийнхээ асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзалт хийлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх Ц.Мөнхбаяр, Ж.Мөнхжаргал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, “Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар, “Коёотэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасайхан зэрэг хүмүүс оролцов.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарч буй дотоод болон гадаад эерэг өөрчлөлтүүд, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсны учир шалтгаан, 2017 оны төсвийн тодотголд тусгасан татварын өөрчлөлтүүдийн талаар товч танилцуулав.

Тэрбээр “Төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, үйлдвэрлэгчдэд хууль эрх зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх, бизнес дэх төрийн оролцоог багасгах зэрэг олон чиглэлээр УИХ, Засгийн газар анхаарч ажиллаж байна. Хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг та бүхэн ойлгож байгаа. Бизнесийнхний эрх ашгийг хөндсөн аливаа асуудалд хоёр тал хүлээцтэй хандаж, санал бодлоо солилцох, хамтран ажиллах, харилцан ойлголцохыг илүү чухал гэж миний бие үзэж байгаа учраас Та бүхэнтэйгээ уулзаж байна” гэж тэмдэглэж хэлэв.    

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хүсэлтийг нь хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд мэдэгдэлд дурдсан 8 зүйл шаардлага, хүсэлтийнхээ талаар товч танилцуулав.

“Энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого 313.0 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагынхны хандлага ч өөр болж байна. Товчхон хэлбэл урин салхи нааш эргэлээ. ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг манай бизнес эрхлэгчид бүрэн дэмжиж байгаа.

Гэхдээ үйлдвэрлэгчдийн бий болгосон татварын орлогыг юунд, хэрхэн зарцуулж байна вэ гэдэг асуудал хамгийн чухал. Төр, засгийн хариуцлагагүй байдлын уршгаар үүссэн хүндрэлийг татвар нэмэх мэт аргаар бизнес эрхлэгчдийнхээ, иргэдийнхээ нуруун дээр үүрүүлж давна гэвэл бид эсэргүүцэхээс өөр аргагүй. Мэдэгдэлд дурдсан 8 шаардлага, хүсэлтийн 3 нь татвартай холбоотой, 5 нь төрийн менежементийг сайжруулахад чиглэсэн байгаа. Төрийн үрэлгэн, хариуцлагагүй, бодлогогүй байдлыг эцэс болгох л нэн тулгамдсан асуудал болоод байна” гэж Б.Лхагважав хэллээ.

Төрийг цомхон, чадварлаг болгох бодит алхам хийх, төсвийн тодотгол хийхдээ 2016 онд баталсан хэмжээндээ барьж, зардал нэмэхгүй байх, төрийн албан хаагчдад зориулсан элдэв хөнгөлөлт, тусламжаа зогсоох, бизнесийн орчныг булингартуулж буй төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг нэн яаралтай хувьчлах, татвар нэмж буй аргачлалаа зөв тодорхойлох зэрэг асуудлыг тэрбээр хөндөж ярилаа.

Уулзалтад оролцсон “Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар “Татвар нэмж болно, төлж ч болно, гагцхүү түүнийг зөв зарцуулах л чухал” гээд төсвийн зарцуулалтад татвар төлөгчдийн хяналтыг бий болгох нь чухал гэсэн бол “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан татварыг шатлалгүй болгож, үндэсний компаниуддаа томрох боломжийг нь олгох, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарах, боловсролтой, чадварлаг менежерүүдийг гайгүй цалин авч, орлого оллоо гээд торгохын оронд урамшуулан дэмжих нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Коёотэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасайхан нар төрийн хүнд суртлыг багасгах, “Тоглоомын дүрэм”-ээ тодорхой болгох, Засгийн газрын хийх ажил хэнд ч тодорхой, хүрсэн үр дүнг нь хэмжиж болохуйц тогтолцоо бүрдүүлэх, тендер, концесс түшсэн “хулгайн” эдийн засгаас салах, улс орныг ийм байдалд хүргэхэд нөлөөлсөн, зээл тусламжийн болон татвар төлөгчдийн хөрөнгө мөнгийг завшсан этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэг саналуудыг дэвшүүлэв.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэхдээ бизнесийнхэнд үүрүүлж буй татварын ачааллыг төрийн зардлыг бууруулах замаар хамтдаа үүрье, аливаа зардал ил тод, “шилэн” байя, шинэ хөрөнгө оруулалтын зардал нэмэхгүй байх нь зөв гэсэн зарчим барьж байгаа гэдгийг дуулгаад, хөтөлбөрт хамрагдсаны дараа УИХ татварын хуулийн орчноо цэгцлэх, нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг ил тод болгох ажлыг яаралтай хийнэ гэж төлөвлөж байгаа гэлээ.

Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Зөвшилцлийн эхний алхмыг бид хийж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа хамтын ажиллагаа цааш үргэлжилнэ гэдэгт найдаж байна.

Бид талцаж биш, эвлэж байж хямралаас богино хугацаанд гарна

гэсэн бол Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Цаашид бизнесийнхний эрх ашгийг хөндөж буй аливаа асуудлаар та нартайгаа уулзаж, зөвлөлдөж, ойлголцож байж шийдвэрээ гаргадаг зарчимд шилжих нь зөв. Татвараар бүрдүүлсэн төсвийн орлогыг хэрхэн зарцуулж байгаад бид хяналт тавих ёстой гэсэн байр суурийг чинь ч бүрэн дэмжиж байна” гэв.

Ийнхүү хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч, цаашид тогтвортой хамтран ажиллахаар тохиролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.