НАМЗХ-ны зургаан залуу УИХ-ын гишүүнээр ажиллаж байна
2017.04.05

НАМЗХ-ны зургаан залуу УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Өнөөдөр Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны 20 жилийн ой тохиож байна. 

Өнгөрсөн хугацаанд тус холбооны гишүүн залуучуудаас 40 гаруй залуус УИХ-д сонгогджээ. Яг одоо буюу 2016-2020 оны парламентад НАМЗХ-ны зургаан залуу УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тодруулбал, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат, О.Содбилэг, Х.Нямбаатар, Н.Учрал, Н.Номтойбаяр нарын гишүүд юм. Тэд улс орны хэмжээнд төдийгүй салбарын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар идэвхийлэн ажиллаж байна. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Н.Учрал шинжлэх ухааныг хөгжүүлж, үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэх чиглэлд төвлөрч байгаа бол Х.Нямбаатарын тухайд Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай зэрэг нийгмийн шинэтгэлийн хүрээнд, Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд ахмад настан, эмэгтэйчүүд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд ажиллаж байна. 

Тус холбооны 20 жилийн ойн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн: "УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшин, сонгогдсон нь бид нийгмийнхээ хөдөлгөгч хүч болсны илэрхийлэл юм" хэмээн онцоллоо. 

"Төгсөшгүй үргэлжлэл" гэж тодорхойлж буй уг холбоог намын дэргэдэх хамгийн том төрийн бус байгууллага гэж хэлж болно.