Хөгшин, ядмаг нөөц бүхий ойд ОТМ-ийг хэрэгжүүлж байгаа нь зөв шийдэл
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
2017.03.28

Хөгшин, ядмаг нөөц бүхий ойд ОТМ-ийг хэрэгжүүлж байгаа нь зөв шийдэл

Ой мод бол хүн төрөлхтний ногоон уушиг төдийгүй гайхамшигт ертөнц гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. НҮБ-ын тогтоолоор гуравдугаар сарын 21-ний өдрийг олон улсын ойн өдөр хэмээн тун­хагласан. Монгол Улсын тухайд   Тө­рөөс баримтлах баримт бичгийн хү­рээнд  олон улсад хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж бай­гаа ойн тогтвортой менежментийг хэ­рэг­жүү­лэх загварыг 2015 онд баталсан хэ­дий ч ойн ашиглалт, хамгаалалт, хянал­­тын тог­тол­цоо урсгалаараа явж ирсэн бай­даг. Үүнийг өнгөрсөн оны арван­хоёр­­ду­гаар сард зохион байгуулсан  ойн тоол­ло­гын үр дүн ил  болгосон гэж хэлж болно.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн бодлогын хэрэгжилтийн газрын санаачилгаар  Монгол Улс   анх удаа  олон улсын стандартад нийцсэн байдлаар ойгоо тоолсноор  Монгол орны ой хөгшин буюу болц гүйцсэн болохыг олон нийтийн сонорт хүргэсэн явдал.  

Үр дүнгийн тухайд  Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож,  НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн ажлын албанд тайлагнаснаар ойн  доройтол, хомсдлыг буурлах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсаас санхүүгийн дэмжлэг авах, нүүрстөрөгчийн худалдааны зах зээлд оролцох боломж нээгдэж  байгааг БОАЖ-ын сайд  Д.Оюунхорол “Дэлхийн ойн өдөр”-ийн үеэр онцолсон. Ойн тооллогоор Монгол орны ойг  ойн бусад  сантай  харьцуулахад, нөөцөөр ядмаг, ашиглалт бага, иж бүрдэл нь цөөн,  ойн хомсдол, доройтол нүүрлэж байгаа нь  тогтоогджээ. 

Тиймээс  цаашид ойгоо  холимог болгох, нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг холбогдох яам  нь анхааралдаа авч 2015 оны ойн үндэсний бодлогыг эргэж харах, нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаад байгаад талархах ёстой. Үүний үр дүнд Монгол Улс  Парисын гэрээнд өөрийн хувь нэмрийг оруулах юм. Нөгөөтэйгүүр, монголчууд ойн тухай мэдлэгээр тун тааруу улс. Ойн сан гэхээр Хэнтий нуруу, Минжийн хангай, Хөвсгөлийн их уулсын дунд орших гүн цэнхэр тайг,  Богд хан Уул тэргүүтэн л санаанд буух нь бий. Иж бүрдэл, нөөц, ойн хомсдол, доройтол гэх нэр томьёо энэ салбарын хувьд цоо шинэ үг хэллэг мэт сонсогддогийг нуух юун. 

БОАЖ-наас авсан мэдээллээр,  Монгол орны ойг шилмүүст ба навчит ой хэмээн ангилдаг бөгөөд нийт талбайн хэмжээ 9,095,925 га  аж. Үүнээс шилмүүст ойн талбай 7,065,526 га, навчит ойн талбай 602,352 га, холимог ойн талбай 882,992 га, зулзаган ойн талбай 545,054 га-г хамардаг юм байна. Дашрамд өгүүлэхэд, холимог ой нь  түймэрт бага өртдөг, хортон шавьжийн нөлөөнд тэсвэртэй  тул ой модны төрөл зүйлийг баялаг болгох зорилгоор олон төрөл зүйлийн модны тарьц суулгац, нутгийн унаган ойг сэргээх болон ойжуулалтад ашиглахыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ойчиддоо уриалсан байдаг.

Ер нь Монгол орны  ойн нийт ургаа нөөц, 112 куб/м га бөгөөд түүний 30 куб/м га нь хөгшин ойгоос бүрддэг байна. ойн нийт талбайн 87.1 хувь нь 50-200 жилийн насжилттай модноос бүрддэг аж. Ойн нөөцийн тухайд  46 хувь нь 0.54  хувийн өтгөрөлттэй байгаа нь ядмаг гэх ангилалт багтах үндсэн нөхцөл болжээ.  Тиймээс ойн бүтцийг  сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна гэж хэлэх үндэслэлтэй хэмээн дүгнэж болох юм билээ.  Гэхдээ бидэнд ирээдүй хийгээд боломж бий. Монгол орны ой нөхөн төлжих, өөрөө өөрийгөө сэргээх чадвар нь маш өндөр, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох  чадвар сайн  болох нь судалгааны явцад тогтоогджээ.

Нөхөн сэргэж байгаа талбайн нэг га-д 3000 орчим зулзаган мод тоологдож байх жишээний. Гагцхүү байгалийн аясаар өсч төлжих, өөрөө өөрийгөө сэргээх үйл явцад нь хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн саад учруулдаг болохоос биш.   Шулуухан хэлэхэд,   Ойн бодлого зохиуцуулалтын газрыг М.Тунгалаг хэмээх бүсгүй удирдах хүртэл. Тэрбээр “Ойн тооллогын үр дүн, ач холбогдлын талаар онцолж хэлэхэд,  бид анх удаа ойн хомсдол, доройтлын хүчин зүйлүүдийг гаргаж тавьсан. Ялангуяа, доройтлын хүчин зүйл дээр хүний үйл ажиллагаатай холбоотой  асуудал.

Тухайлбал, малын бэлчээрлэлт, ойг түймрийн давтамж, мод бэлтгэлийг нэрлэж болно. Ойн менежмент буруу явагдсанаас ой хортон шавьжинд хэдэн мянган га талбайгаар өртсөөр ирсэн байдаг” хэмээн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа онцолсон байв. Байгалийн ойд олон зүйлийн шавьж, мод өөр хоорондоо харилцан уялдаатай амьдарч, ойн экологийн тэнцвэрт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг ч Сибирийн хүр, өрөөсгөл хүр, шинэсний, шилмүүсний саарал хулаахай, эгэл бийр, якобсоны толбот эрвээхий хөгжлийн хүрэнцэрийн үедээ цоо эрүүл шинэс болон шилмүүс модыг үгүйтэл идэж ойг доройтолд хүргэдэг байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад 40 гаруй ойн  анги ажиллаж, 800 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянаж байгаа нь хүний нөөцийн хүчин чадлын хувьд тэнцвэргүй явж ирснийг  Ойн  газар тогтоон шаардагдах арга хэмжээг авч эхэлсэн байна. Дараагийн сэдэв бол Монгол орны ойн ашиглалт.

Ойг ашиглана гэдэг бол зөвхөн мод тайрахын нэр биш, ойг эрүүл экосистемд байлгах орчныг бүрдүүлэхийг хэлдэг. Бодит байдал дээр  Монгол Улс социалист нийгмийн үеэс ой хамгаалах бодлого баримталж ирсэн нь хот суурин газрын ойролцоог ойг илүү доройтуулаад зогсохгүй ойн нөөц хөгшрөх нөхцөл бүрдсэн талаар  эдүгээ  салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна. Ойн нөөц багасахын хэрээр ойгоос олох орлого багасдаг гэдгийг мартаж болохгүй.

Тиймээс ойн шинэ удирдлагууд Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр ойгоос хамгийн багадаа нэг м/куб ногоон модыг нэг га–аас авч ашиглах боломжтой болох аж. Нарийвчилсан тооцооллоор 10-20 жилд хөгшин модыг бэлтгэх хэмжээ 100сая м/ куб төдийгүй ингэснээр жилд 11-16 сая м/куб хэмжээний модыг бэлтгэснээр ирэх 10-20 жилийн дотор ойн бүтээмжид учруулах эрсдэлийг бууруулна гэдгийг ч тэд тогтоожээ. Тодруулж хэлбэл, жилд 20-30 сая м/куб модыг тогтвортойгоор бэлтгэх нь ойн менежментийн тогтолцоо сайтар хөгжсөн орнуудын туршлагыг харгалзсан урт хугацааны алсын хараатай бодлого буй за.

М.Тунгалаг   онцолсноор, Ойн менежментийн олон янзын хувилбарууд байдаг аж. Хамгийн үр ашигтай байж чадахуйц ойн менежментийн хувилбарын тухайд Засгийн газрын хамгаалалтын бүс байгуулах явдал гэнэ. Энэ нь ирээдүйтэй төдийгүй үр дүнгээ өгсөн загвар бөгөөд дэлхийн орон хэрэгжүүлж  байгаа юм байна.

Их хэмжээний газрыг   хадгалж, хамгаалснаар ганц хоёр төрлийн мод, ургамал, амьтан биш бүхэл бүтэн эко системийг хадгалж авч үлдэж чаддаг ажээ. Дэлхий нийт ойн 13 хувийг ийм бодлогоор хадгалан хамгаалдаг. Харин манай улсын хувьд эдүгээ хэрэгжиж буй  орон нутгийн эрэлт хэрэгцээнд суурилсан ойн менежментийг ойн тогтвортой менежменттэй харьцуулах явдал гэдгийг ч тэрбээр салбарынхандаа сануулна лээ.

Амьдрал дээр дээрх хувилбарууд боломжийн гэлээ ч Монгол Улс 2014 онд REDD-д гарын үсэг зурсан тул дэлхийн улс орнуудад түгээмэл хэрэглэгддэг тогтвортой менежментийн аргачлалыг хэрэг­жүүлэх шийдвэрийг гаргажээ.  Энэ дагуу Монгол Улсын “Төрөөс баримтлах бодлого 2015”-д энэхүү бодлогын зорилтыг “Ойн тогтвортой менежментийг бий болгох” гэж оруулсан аж. Энэ нь ойн ургаа нөөцийг нэмэгдүүлэх эсвэл тогтвортой байлгах зорилгод нийцүүлэн ойн аж ахуйн арга хэмжээний төлөвлөлтийг хийнэ гэсэн үг юм.