Түүнд банкны системийг шинэчлэх, өөрчлөх өндөр хариуцлага ногдсон
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар 22 бие даасан хууль батлагдсан. Үүнээс гурван хуулийн төслийг нэр бүхий гурван гишүүн өргөн барьж, батлуулсан байдаг.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг Г.Занданшатар, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг Б.Жавхлан нар боловсруулж, батлуулжээ.
С.Чинзоригийн тухайд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдсэн халамжийн чиглэлийн хууль батлуулсан бол Г.Занданшатар төр, засгийн аливаа шийдвэрийг хамтаараа зөвлөлдсөний үндсэн дээр гаргах ёстой буюу Монголд зөвлөлдөх ардчиллын суурийг тавих зорилготой хууль боловсруулсан.
Тэгвэл 20 жил банкираар ажилласан Б.Жавхлан Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчилж, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг үүднээс өөрийн салбарын хуулийг боловсруулж батлуулсан юм.
Тэрээр С.Чинзоригтой адил шинэ гишүүн, Г.Занданшатартай харьцуулахад туршлагагүй парламентч боловч 2011 онд байгуулагдсан Хөгжлийн банкийг шинэчлэх шаардлагатай юм байна гэдгийг эртнээс бодож, УИХ-д орж ирсэн үү гэлтэй энэ банкны талаар асуудал хурцдах тэр үетэй давхцуулан, гишүүн болсноос хойш 5 сарын дараа Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан.
1997 оноос Төв банкнаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр нэгэн үе Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирал, тус банкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж явсан. АНУ-ын Индианагийн Их сургуульд мэргэшсэнийхээ дараа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 6 жил ажилласан түүний өргөн барьсан хуулийн төсөл агуулгын хувьд боломжийн гэж гишүүд дүгнэж байсан ч тухайн үеийн нөхцөл байдлаас болж багагүй шүүмжлэл дагуулж байж батлагдсан.
Гишүүд Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатай болсон гэдэгт санал нэгтэй байсан. Харин өмчийн хэлбэрийн тухайд, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн тухайд, ашигтай ажиллах боломжтой эсэх асуудлаар мэтгэлцэж байлаа.
Тэрээр Хөгжлийн банкийг таван чиглэлд шинэчилсэн. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, тодорхой шаардлага хангасан бол банк өөрөө санхүүжүүлэх эсэхээ бие даан шийдвэрлэнэ. Хараат бус байж, ашигтай ажиллана. Эрсдлийн сан, нөөц сан бий болгож, алдагдлаа нөөц сангаас санхүүжүүлнэ, нөөц сангийн хөрөнгө хүрэлцэхгүй бол хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг дагана. Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй санхүү, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг өндөрсгөсөн гэх зэргээр зарчмын томоохон өөрчлөлтийг хийж чадсан.
Хөгжлийн банкны үйл ажиллагааг Монголбанктай уяж, төв банк жил бүр тус банкинд шалгалт хийнэ гэж хүртэл хуульд оруулсан юм. Ингээд анх 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2017 оны 2 дугаар сарын 10-нд батлагдлаа.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байх үед Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тэр үед мөн л гадны банкийг Монголд оруулж ирэх үү, үгүй гэдгийг ярьж байсан цаг.
Тэрээр хууль санаачлагчийн хувьд Монгол Улсад гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой гэж үзэв. Гэхдээ зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, иргэдийн хадгаламж авахыг хориглох зэрэг зохицуулалтыг төсөлдөө тусгасан байдаг. Үүнийг олон нийт, мэргэжилтнүүд янз бүрээр л тайлбарлаж байна.
Б.Жавхлан зүгээр суугаагүй. Батлагдсан болоод хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслөөрөө дамжуулан Монгол Улсын банкны системийг өөрчлөхийг хүссэн.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа санхүүгийн системийн 95 хувийг эзэлж байгаа банк, банкны системийн 80 хувийг арилжааны гурван банк эзэлдгийг өөрчлөх хэрэгтэй болохыг хэлж байсныг энд онцольё.
Түүнд банкны системийг өөрчлөх замаар хөрөнгийн зах зээл, даатгалын салбар, санхүүгийн бусад инстиуцийн зүй зохистой харьцааг бий болгох өндөр хариуцлага ногдож байна.