Нэр цэвэр парламентч
Монгол төрийн наадамд 12 түрүүлсэн түүний амжилтыг давтах бөх нэг хэсэгтээ л гарахгүй байх. Тэр торгон ногоон дэвжээнээ бусад бөхчүүдээс дэндүү тасархай байв.
Атлантын олимпын оноо цуглуулах барилдаанд хөлөө хүнд бэртээж, гурван сарын турш хэвтэж байхдаа хэвтрийн хатгаа туссан нь нэрмээс болсон ч улсын баяр наадамд барилдаж түрүүлсэн. Өөрт нь хамгийн ойртож очсон хүчтэн болох Д.Мөнх-Эрдэнэ арслан түүнтэй дөрвөн цаг ноцолдоод дийлээгүй гэхээр тухайн цагтаа ямархуу байсан нь харагдана. Цагийг элээсэн босоо аваргын талаар гадныхны дунд “Монголчууд наадамд түрүүлсэн бөхдөө Бат-Эрдэнэ гэдэг цол өгдөг” гэх яриа гарсан байдаг нь ортой ч байж мэдэх.
Биеийн тамир, спортод манлайлж байсан тэрбээр улстөрд ороод ч өвдөг шороодсонгүй. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд дөрөв дараалан сонгогдсон нь ч баргийн улстөрчдийн дийлэх “боорцог” биш. Төрийн наадмын дэвжээнд зүүний магнайгаас босч асан их аварга өдгөө Засгийн газрын гишүүн, төрийн сайд хийж буй.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-д нэр дэвшүүлэх сонголт түүнээс өөр байгаагүй гэхэд болно. Тэрбээр “Миний гарал үүсэл, сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэл, сүлд хийморийг төрийн тэргүүний зэрэг дэвд нийцнэ гэж үзснийг, би нэр төрийн хэрэг
хэмээн ойлгож байна” хэмээн “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” уриатайгаар сонгуульд өрсөлдсөн. Их аварга журмын нөхдийн итгэлийг алдаагүй. Дийлэнх аймагт өрсөлдөгчөөсөө илүү оноо “зулгаасан”. Нийслэлийн сонгогчдоос ердөө таван хувийг нь талдаа татчихсан бол, эсвэл МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал санал хагалаагүй бол...
Түүнд төрийн тэргүүний сэнтий гар шүргэм ойр байсан. Харьцангуй хүчтэй улстөрч буюу тухайн цагийн эрх баригч намын лидертэй өрсөлдсөн гэхэд тэр өндөр санал авсан. “Пиар”-ч нөхдийнх нь хийсэн зарим ухвар мөчид тоглолтууд нь түүний онооноос хасаагүй бол түүнд сонгуульд ялах боломж ч дүүрэн байсан.
Тэр нэгэн цагт Б.Бат-Эрдэнэ “Миний нэр цэвэр, Миний гар цэвэр, Миний сэтгэл цэвэр” хэмээн итгэл дүүрэн хэлж байсан. Үнэхээр, төдийгөөс өдий хүртэл түмний хайр итгэлийг дааж явахдаа хазгай, бурууг сэтгэж үйлдэж явсангүй. Тиймдээ Хэнтий нутгийн зон олон нутгийн уулс нь босоо аваргаа түшиж явдаг биз ээ.