Л.Болд: МАН орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдлийг булаан авахыг оролдлоо
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт үймээн болж, зарим иргэн өлсгөлөн зарлаад байгаа. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьжээ. Асуулгад,
2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Ардчилсан нам олонх болсон Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэг болон олон арван сумдын ИТХ-аас хуулийн дагуу сонгож, санал болгосон Засаг дарга нарыг Ерөнхий сайд та болон таны томилсон аймаг, нийслэлийн засаг дарга нар батламжилж ажилд нь оруулалгүй олон сар өнгөрөөд байна.
Түүгээр ч зогсохгүй 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд цагдаагийн бие бүрэлдэхүүн иргэдийн эсрэг тусгай хэрэгсэл ашиглан хүч түрэн орж орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг булаан авч, МАН-д шилжүүлэхийг оролджээ.
Та бүхний эдгээр үйлдэл, эс үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх ёс, нутгийн өөрөө удирдах зарчмууд болон ардчиллын үнэт зүйлсийг илт зөрчиж, сонгуулийн үр дүнг засварлан ард түмний бүрэн эрхэд халдах гэсэн санаархал байжээ гэж үзэхээр байна.
Иймд Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг болон засаг даргыг нь батламжлаагүй 70 гаруй сумдад үүсээд байгаа нөхцөл байдал, түүнчлэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагыг иргэдийн эсрэг ашигласан асуудлаар хуульд заасан хугацаанд хариулт ирүүлж, УИХ-аар хэлэлцүүлнэ үү.
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.03.03