X.Амгаланбаатар: Хариуцлага тооцох, шийдвэр хэрэгжих шатандаа замхарчихдаг
Цагаан сарын өмнөхөн нефть импортлогч зарим компани шатахууны үнээ нэмсэн. Үүнээс хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлбөл томоохон хүндрэл үүснэ хэмээн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо үзэж, тодорхой шаардлага хүргүүлж байгаа аж. Энэ талаар тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.
-Танай холбоо шатахууны үнийг хууль зөрчиж нэмсэн хэмээн үзсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
-Аливаа бараа бүтээгдэхүүн, тэр дундаа шатахуун онцгой бүтээгдэхүүнд тооцогдоно. Гэтэл энэ бараа бүтээгдэхүүний үнийг ажлын цаг өнгөрсний дараа, яг амралтын өмнөх өдөр нэмэгдүүлдэг гаж тогтолцоо манайд сүүлийн хэдэн жил бий болсон. Өөрөөр хэлбэл, хагас, бүтэн сайн өдөр үнийг нь нэмээд иргэдийн бухимдал ямар түвшинд байна, хариу үйлдэл хэрхэн үзүүлэх нь вэ гэдгийг бизнес эрхэлж байгаа нэр бүхий зарим нөхөд хардаг буруу хэвшилтэй болсон байна.
Энэ удаагийн шатахууны үнийг нэмэх бодит шалтгаан харагдахгүй байгаа. Яагаад гэвэл шатахууны үнийг нэмэхийн өмнө бодит нөхцөл байдал, үндэслэл нь ийм байна, тэдэн төгрөгөөр нэмье гэсэн саналаа Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд тавих ёстой.
Уг хүсэлтийг үнэ тогтоох зөвлөлөөр ярилцсаны дараа бодитой хэмээн үзвэл үнэ нэмэх зөвшөөрлийг өгдөг. Гэтэл нэр бүхий компаниуд санал хүргүүлэхгүйгээр өөрсдөө урьдчилж уулзаад шийдэж байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар судалж эцсийн дүгнэлтийг гаргах ёстой.
-Хэрэв үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогдвол хариуцлага тооцох боломжтойюу?
-Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн нь албан ёсоор тогтоогдвол заавал хариуцлага тооцох учиртай. Ялангуяа, шатахууны үнийг нэмснээс болж хэрэглэгчдэд учирсан хохирлыг тухайн компани төлж барагдуулах ёстой. Гэхдээ манайд нэг хүндрэл бий. Хамгийн гол нь бензиний үнэ нэмснээс үүдэлтэй үүссэн хохирлыг шүүхээр яваад тогтоосон ч хохирлыг нь барагдуулдаггүй. Нэг ёсондоо хууль хэрэгжихгүй байна.
Энэ байдлыг таслан зогсоох ёстой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм байна. Эхний урьдчилсан дүгнэлтээр Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэсэн байр суурийг удирдлагууд нь илэрхийлсэн байна. Байнга л үнэ өссөний дараа энэ тухай ярьж, хариуцлагын асуудлыг хөндөж байна шүү дээ.
-Шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн тохиолдолд танай холбооны зүгээс ямар хариу арга хэмжээ авах бололцоотой вэ?
-Нэгдүгээрт,өмнө нь хийсэн хэлэлцээрийн заалтыг дурьдах учиртай. Уг хэлэлцээрийн 2.5 дахь заалтыг тодорхой хэмжээнд хөндөж байгаа тул шатахууны үнийн өсөлтийг бодит эсэхийг нягтлах ажлын хэсэгт манайхаас хүн орж ажиллах бүрэн бололцоотой. Мөн хөндлөнгөөс ажиглалт хийе.
Хэрэв Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн бол хохирол барагдуулах талаас нь ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт, иргэд, хэрэглэгч нарт шатахууны үнээ шалтгаангүй нэмсэн компаниудын бензинийг авч хэрэглэхгүй байх уриалга гаргах эрх нь хуулиар бий болох үндэслэлтэй, Хууль бус үнэтэй бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх нь хэрэглэгчийн эрх шүү дээ.
-Шатахууны үнийн өсөлтийг тойрсон маргаан үүгээр хязгаарлагдахгүй. Өмнө нь үндэслэлгүйгээр үнэ нэмсэн хэмээн танайхаас удаа дараа мэдэгдэл гаргаж байсан. Гэвч нефть импортлогч компаниудад хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй байдаг?
-Бид өмнө нь энэ асуудлыг зөвхөн дангаараа бус холбогдох байгууллагуудтай, компаниудтай нь ярилцаж тодорхой шийдэл гаргаж байсан. Хамгийн гол нь хариуцлага тооцох шийдвэрийг хуулийн
байгууллагаар гаргуулж болдог. Гэтэл яг хэрэгжүүлэх шатанд замхраад алга болчихдог. Хэрэв шүүхийн шийдвэр гарсан бол хэрэгжүүлэх үйл явц дагаж явах ёстой. Манайд энэ нь алдагдаад байна.
-Шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд онцгой албан татварыг бууруулсан. Гэтэл та бүхний үзэж байгаагаар хөнгөлөлтийн үр шимийн ихэнхийг уул уурхайн компаниуд хүртэж, улсын төсөв, жирийн иргэдэд ирэх үр өгөөж нь харагдахгүй байгаа бололтой. Энэ талаар тодруулахгүй юу?
-Шатахууны ханшийн хэлбэлзэл бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг зүй тогтолтой. Өмнө нь 2015-2016 оны хэлэлцээрийн хүрээнд энэ тухай нухацтай ярилцсан. Монголбанк, Сангийн яам, холбогдох байгууллага, нефть импортлогч компаниудаас төлөөлөл оролцуулж тооцоо судалгаа шаардаж ярилцсан.
Ер нь 2016 оны байдлаар татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр гаднаас оруулж ирж байгаа шатахууны 70 хувийг уул уурхайн компаниуд авч хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан. Одоо энэ байдал хэрхэн өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй. Гэхдээ дунджаар 60 орчим хувьтай байгаа гэвэл хол зөрөхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлт үзүүлээд хилээр оруулж ирж байгаа шатахууны 60 хувийг уул уурхайн компаниуд хэрэглэж байна.
-Тэгэхээр уул уурхайн компаниудад татварын хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлэх нь буруу гэсэн үг үү. Ямар зохицуулалт хийх ёстой вэ?
-Энэ бол төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байсан арга хэмжээ. Хөнгөлөлттэй үнээр оруулж ирж байгаа шатахууны дийлэнхийг уул уурхайн компаниуд байнга хэрэглэж, түүний сөрөг үр дагавар нь хэрэглэгчийн нуруун дээр ирж болохгүй. Нэгдүгээрт, хэрэглэгч нарт бодит үнээр шатахуун очих ёстой.
Хоёрдугаарт, уул уурхайн компаниудаас орж ирэх орлого улсын төсөвт тэр хэмжээгээр мэдрэгдэж байх ёстой. Өнөөдөр шатахууны үнийн хөнгөлөлт эдлүүлснээр уул уурхайн компаниудаас орж ирж байгаа орлого ямар түвшинд байгааг судлах учиртай. Хөнгөлөлт үзүүлснээр улсын төсөвт 110 тэрбум төгрөгийн алдагдал бий болж байна. Энэ бол маш том хөнгөлөлтийн асуудал. 110 тэрбум төгрөгөөр иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх боломжтой.
-Шатахууны үнийг 100 төгрөгөөр өсгөснөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний ханшид хэрхэн нөлөөлөх судалгаа бий юу?
-Үнэ нэмэгдсэний дараа нөлөөллийг судлах цаг байгаагүй. Ер нь шатахууны үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний ханшид хэрхэн нөлөөлж ирснийг иргэд сайн мэднэ. Жишээлбэл, шатахуун үнэ нэмэгдсэнээр эрүүл мэндийн салбарт түргэн тусламж, өрх болон сумдад хүрэх үйлчилгээнд хүндрэл учирна, Одоо байгаа төсөв нь хүрэлцэхгүй энэ нөхцөлд нэмээд шатахууны үнэ өсвөл энэ салбар сөхрөх магадлалтай.
Нөгөө талаар сүүлийн гурван жилд төрийн албаны хамгийн бага тушаалтай буюу боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг гэх мэт салбарын ажиллагсдын цалин хөлс царцанги байдалтай байна, Ийм нөхцөлд шатахууны үнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл иргэдийн амьдрал улам доройтно, Засгийн газар цаашид үнэ тарифийн тогтвортой байдлыг хангах талаар арга хэмжээ авахгүй бол бүх салбар бэрхшээлтэй байдалд орно. Хэрэв бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж чадахгүй бол цалин орлого, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх ёстой.
-Засгийн газар ОУВС-тай “Стэнд бай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлцэл хийж байна. Хэрэв уг хөтөлбөрийг хэрэгжүүлбэл санхүүгийн сахилга батыг сахина. Энэ хүрээнд халамж танах, шаардлагагүй орон тоог цомхотгох ээрэг ажил хийгдэх магадлалтай. Үүнд танай холбоо ямар байр суурьтай байна вэ?
-Энэ чиглэлээр манай холбоо Засгийн газарт удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Хэрэв энэ хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх тохиолдолд өмнө нь хүрсэн буюу одоогийн ард иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллыг дордуулахгүй байх нөхцөлийг ОУВС-тай тохирох ёстой. Аль болох ажлын байрыг цөөрүүлэхгүй байх учиртай. Энэ чиглэлээр 2017, 2018 оны хэлэлцээрт тодорхой заалтыг тусгуулж чадсан.
Тодруулбал, 3.9 дахь заалтаар эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын орлого, нийгмийн хамгааллын нөхцөл байдлыг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах, улмаар нэмэгдүүлэх нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Энэ том заалтыг Засгийн газар өөртөө хүлээж авсан гэдгийг албан ёсоор мэдээлж байна.