Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох тэгш боломж олгож байна
"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" бизнес уулзалт
2017.02.20

Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох тэгш боломж олгож байна

"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" бизнес уулзалт "Шангри-Ла" зочид буудалд өнөөдөр эхэллээ. Уулзалтад 815 төлөөлөгч оролцож байна.

Бизнес уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэллээ.

Улаанбаатар хотын худалдааны танхим нийслэлийн эдийн засгийн түүчээ болж явах юм

С.Батболд "Манай нийслэл Улаанбаатар хотод бизнес эрхэлдэг, хувь нэмрээ оруулдаг танхим дүүрэн төлөөлөл ирсэнд баяртай байна. Нийслэлд байгаа боломжийг хувийн хэвшилтэйгээ хамтран ашиглаж, хөгжлийг түргэтгэх зорилготой энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. 

Улаанбаатар хотод Монгол Улсын эдийн засгийн 60 гаруй хувь бий. Улаанбаатарт ямар шийд гарна, Монгол Улсад тийм шийд гардаг. 

Улаанбаатар хотын худалдааны танхим нийслэлийн эдийн засгийн түүчээ болж явах юм. Тиймээс бид танхимтайгаа хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг дээдэлж явах болно".

Ц.Сандуй: Улаанбаатарт 679.1 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр төсөвт тусгагдсан

 Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын дарга Ц.Сандуй: Өнөөдрийн чуулга уулзалтаар нийслэл хотын хөрөнгө оруулалтыг хэлэлцэхээр хуран цуглаад байна.

Нийслэлийн шинэ удирлага бодлогоо хэрэгжүүлэхээр зориод байна. Улаанбаатар хотод улс нийслэлийн хөрөнгө оруулалт, концесс, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 319.3 тэрбум, гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээр 359.8 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр төсөвт тусгагдсан.

Төсөвт тусгагдан батлагдсан бүх ажил, арга хэмжээний гүйцэтгэлийг цаг хугацаанд нь бүрэн хангахын зэрэгцээ хөрөнгө оруулалтыг аль болох нэмэгдүүлэх, түүний өгөөжийг дээшлүүлэх нь нэн чухал зорилтын нэг билээ.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хотын хөгжилд хандуулахад манай чуулга уулзалт ихээхэн ач холбогдолтой" гэлээ.

"Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад хандаж нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох тэгш боломж олгож байгаа"

Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл: Чуулга уулзалтын үеэр нийслэлээс баримталж байгаа худалдан авалтын бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцуулж байгаа нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад хандаж нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох тэгш боломж олгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Улаанбаатар худалдааны танхим нь хотын бизнесийн орчныг боловсронгуй болгох, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж, тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилготойгоор 2015 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран энэхүү бизнес уулзалтыг зохион байгуулж байна. Бизнес уулзалтын гол зорилгыг нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, ААН-д хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлэх хэмээн тодорхойлжээ. 

Өнөөдрийн хуралд нийслэлийн хөгжлийн бодлого, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, гэр хорооллын хөгжлийн шинэ үзэл баримтлал, инноваци, дэвшилтэт технологи, авто зам зэрэг өргөн хүрээний асуудлаар илтгэл тавигдах юм.