2017.02.02

Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүдэд нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төслийг батлахаар санал хураахад 48 гишүүн оролцсоноос 38 нь зөвшөөрч, 79,2 хувийн саналаар хуулийн төсөл батлагдаж байна. 

Хуулийн хамрах хүрээнд дараах хүмүүс багтах юм. Үүнд: 

- Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар

- Ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт

- Ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн,

Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгоно.

Нэмэгдэл гэж дээр дурдсан ахмад настанд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгө.

Хөнгөлөлт гэж дээд дурдсан ахмад настанд ахмад настны амьжиргаа, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ.

Нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтооно. УИХ нэмэгдлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэн тогтоож болно. Хөнгөлөлтийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.

Нэмэгдэл, хөнгөлөлт авахыг хүссэн ахмад настан дараах бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд, 

-Өргөдөл

-Иргэний үнэмлэх

-Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяатын цол, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан /1990-1992 он/ Ардын их хурлын депутатын үнэмлэх

Нэмэгдлийг улсын төсвөөс, хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас олгоно. Нэмэгдэл, хөнгөлөлтийг нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтан бүрдүүлэх баримт бичгийг үндэслэн арилжааны банкаар дамжуулан тухай бүр олгоно.

Нэмэгдлийг өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгоно. Нэмэгдлийг тухайн ахмад настны хүсэлтээр улирал болон жилийн эцэст олгож болно. Нийгмийн халамж үйлчилгээний байгууллага ахмад настны хүсэлтээр нэмэгдэл, хөнгөлөлтийг түүний хадгаламжийн дансанд шилжүүлж болно.

Ахмад настан нас барсан тохиолдолд нэмэгдлийг нас барсны дараачийн сар дуустал олгоно. Хэрэв хуурамч баримт бичиг бүрдүүлж нэмэгдэл, хөнгөлөлт авсан нь тогтоогдвол олголтыг зогсоож, олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг нөхөн төлүүлнэ.

Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны буруугаас илүү олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн шийдвэрээр буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. Байгууллага, албан тушаалтны буруугаас дутуу олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг ахмад настанд нөхөн олгоно.

Энэ хуулийг Ахмад настны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутатад олгох нэмэгдэл, хөнгөлөлтийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгоно.