УИХ-ын гишүүн А.Ундраа
2017.02.02

А.Ундраа: Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүдэд нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор санал нэгдлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн А.Ундраа:

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хийж, танилцуулгыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн төсөлд ардчилсан хувьсгалын анхны ахмад зүтгэлтнүүдийг хамруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 23,2,3-т зааснаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй дэмжлэгийг аваагүй болно.

Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Бага хурлын гишүүдэд нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай санал дэмжигдсэн тул төслийн 7,1,3 дахь заалт, 10,2 дахь хэсэгт Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 23,2,3-т зааснаар дахин санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дэмжигдлээ.