Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, техник хэрэгсэлд нийт 14.9 тэрбум төгрөг зарцуулна
2017 оны 1 сарын 26 ны УИХ-ы чуулганаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсан юм.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд Улсын Их Хурал сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах; сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэр гаргуулах саналаа энэ сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлжээ.
Энэ үндсэн дээр тус Байнгын хороо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөхөөр тусгасныг энэ сарын 24-ны өдөр хуралдсан тус Байнгын хорооны хуралдаанаас дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн гишүүдийн асуултад “2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд сонгуулийн техник хэрэгсэл ашиглахад батлагдсан төсвийн дагуу 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд техник хэрэгсэл ашиглахад зориулж 2 тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа. Сонгуулийн тухай хуулиар техникийн тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийхээр заасан. Хуулийн энэ заалтын дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллогыг хийнэ” гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 49 нь буюу 86 хувь нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм