Ё.Баатарбилэг: Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барих нь зайлшгүй тулгамдсан асуудал мөн үү?:
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.27

Ё.Баатарбилэг: Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барих нь зайлшгүй тулгамдсан асуудал мөн үү?:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Эдийн засгийн байнгын хорооны дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд нараас холбогдох тайлбарыг хүслээ. 

Ё.Баатарбилэг: Төмөр зам барих хөрөнгөө хаанаас босгох, ямар үр ашигтай болох талаар ямар ч тооцоолол алга 

Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс эхлээд МАН-ын бүлгээрээ уг асуудлыг хэлэлцэх зүйтэй байсан гэж бодож байна. Тогтоолын төслийн үзэл баримтлалд эдийн засгийн үр ашгийн тооцоолол алга. Гагцхүү тээврийн зардал хэмнэнэ гэсэн ганцхан тооцоолол байна. Үндсэндээ БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 300 км замыг товчилж, 270-280 км зам барих асуудлыг УИХ-аар батлуулж, төрөөс баримтлах бодлогодоо оруулна гэж ойлгогдлоо.

Яг өнөөдөр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг онцгой анхаарч, УИХ-аар хэлэлцүүлэх цаг үе нь мөн үү?

Улс орны эдийн засаг хүнд, мөнгөгүй байна гэж ярьдаг. Тавантолгойн төмөр замыг шийдээгүй олон жил болсон. Гэтэл одоо өөр чиглэлийн төмөр замын асуудлыг сөхөн ярьж байдаг?

Тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгаснаар бол төмөр зам барих эдийн засгийн үр ашгийн тооцоолол чанарын шаардлага хангахааргүй байна. Төмөр зам тавих эх үүсвэрт 1 тэрбум ам.доллар хэрэгтэй эсэх талаар УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариу өгсөнгүй.

Миний ойлгосноор төмөр зам тавих ажилд төмрийн хүдэр олборлогч хувийн хэвшлийг татан оролцуулна, энэ зам тавигдсанаар эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэсэн агуулгыг тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгажээ. Монголын төр Тавантолгойн нүүрсээ борлуулах дэд бүтцээ шийдэж чадаагүй байж Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барина гэж байдаг. Концессийн гэрээгээр ажил гүйцэтгүүлнэ гэвэл уг тогтоолын төслийг дэмжих ямар ч бололцоо алга.

Төмрийн хүдэр олборлогч хувийн хэвшил гэдэг нь дотоод эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдын алийг нь хэлээд байна вэ? Төмөр зам тавих хөрөнгөө хаанаас босгох вэ?

Энэ асуудлыг дэмжсэн тухай Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр алга. Мөн түүнчлэн цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгыг концессийн гэрээгээр шийдье гэхээр боломжгүй гэсэн атлаа их хэмжээний мөнгө шаардсан энэ жилд концессийн гэрээгээр гүйцэтгүүлнэ гээд байдаг чинь ямар учиртай юм бэ?

1 тэрбум ам.доллар гэж ямар учраас оруулж ирснээ салбарын сайд нь тайлбарлаж чадахгүй байдаг. Хэзээнээс хэрэгжих ажил юу гэж асуухаар цаг хугацаа их шаардана шүү дээ гэх зэргээр тодорхой хариулт хэлэх юм.

Ямар ч тооцоо судалгаагүй, хэзээ хэрэгжих нь тодорхойгүй, цаг үеийн хэрэгцээ шаардлага бий эсэхэд эргэлзэхээр тогтоолын төслүүдийг хэзээ болтол өргөн барих вэ? Энэ асуултад Эдийн засгийн байнгын хорооны даргаас хариулт хүсч байна. Төмөр зам тавих эх үүсвэрийн асуудалд Зам, тээврийн сайд тодорхой хариулт өгнө үү.

Д.Ганбат: Төмөр зам барихад шаардагдах 1 тэрбум ам.долларыг БНХАУ-ын тал санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын эдийн засгийн үр ашгийн тооцоолол, эдийн засгийн эргэлтэд оруулах холбоотой асуудлыг судалсны үндсэн дээр уг тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг 1 тэрбум ам.доллараар барина гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Саяхан болсон БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын хоёр талт уулзалтын үеэр төмөр зам тавих төслөө танилцуулсан юм.

Энэхүү төмөр замын төсөл нь өндөр үр өгөөжтэй гэдгийг БНХАУ-ын талд ойлгуулж, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтын газрын захирал манай төслийг санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлээд байна.

Гэхдээ энэ нь тус банкаар санхүүжүүлнэ гэсэн үг биш. Тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд төмөр зам тавих хөрөнгөө яаж босгох, ямар хэлбэрээр барих вэ гэдгээ тодорхой болгох юм. Хамгийн гол нь улсын төсөвт дарамт учруулахгүй гэсэн зарчим баримталж байна.

Д.Тэрбишдагва: Төслөөс 8,7 тэрбум ам.долларын орлого олж, 2,1 тэрбум ам.долларын зардал гарна гэсэн тооцоог надад өгсөн

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барьж байгуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан юм.  1520 мм нь зөв үү, 1400 мм нь зөв үү гэдэг асуудлыг байнгын хорооны хуралдаанаар нилээд ярьсан.

Байнгын хорооны гишүүдийн олонх өргөн төмөр зам тавихыг буруутгасан. Учир нь Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх хэсгийг өргөн төмөр зам тавьж, цааш БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хэсгийг нарийн төмөр замаар тавих юм бол үр ашиг багатай байна гэж гишүүд үзсэн.

Ингээд хуралдааны эцэст тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин цаашид УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхдээ нарийн, өргөн цариг гэдгээ дахин нягталж үзэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Эндээс үзэхэд, БНХАУ руу чиглэсэн нарийн, өргөн гэсэн хоёр өөр төрлийн төмөр замтай байж болохгүй.

Төмөр зам тавих ёстой юу гэвэл ёстой.

Төмөр замын хөгжил бусад улсаас хоцрогдолтой байна. Хаана боломж байна, түүнийг ашиглах ёстой. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг яаралтай эхлүүлэх ёстой.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барих ажил эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн тооцоолол гарсан байдаг. Нарийн царигаар баривал илүү ашигтай гэсэн тооцоо гарчээ. Төслөөс 8,7 тэрбум ам.долларын орлого олж,  2,1 тэрбум ам.долларын зардал гарч, татварын өмнөх ашиг нь 5 тэрбум ам.доллар гэсэн тооцоог надад гаргаж өгсөн. 30 жилийн дотор улсын төсөвт төвлөрүүлэх орлого нь 526 сая ам.доллар гэсэн тооцоо гаргасан байна.

Харин Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг эргэж харах нь зүйтэй. Тус бодлогод, өндөр царигаар төмөр зам барих асуудлыг өөрчлөх ёстой гэж гишүүдийн олонх үзэж байна.

БНХАУ-аас манай вагоныг цааш нэвтрүүлэхгүй гэсэн бодлого барьж байгаа учраас өргөн төмөр замаар явуулж байгаа гэсэн тайлбарыг салбарын сайд өгсөн. Харин нарийн царигаар барих агуулгаар тогтоолын төслөө баталчих юм бол БНХАУ-тай бодлогын түвшинд ярилцаж болох байх гэсэн байр суурьтай байна.