УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.25

Ё.Баатарбилэг: Хувийн спорт клуб, үндэсний спорт, нийтийн бие тамирыг дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах боломж бий юу?

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.01.24/ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэд хэдэн зарчмын санал дэвшүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Хуулийн төслийн үзэл баримтлал өөрчлөгдөөгүй,  хуулийн үзэл санаанд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх арга механизмыг өөрчилсөн гэж ажлын хэсэг тайлбарлалаа. Гэхдээ өмнөх хуулийн үзэл санааг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, үндэсний шигшээ багийн тамирчдаас бусад тамирчдын нийгмийн асуудлыг шийдэх гэдэг дээр өөрийн саналаа хэлье.

Хувийн спорт клубуудад хичээллэдэг тамирчдын нийгмийн асуудлыг төр үүрэхэд хүндрэлтэй байх. Харин хувийн спорт клуб ажиллуулах эрх зүйн орчин, клуб ажиллуулах зөвшөөрөл, тэдгээрийн нийгмийн хариуцлагын хүрээн дэх асуудлыг уг хуулийн төсөлд тусгаж болох эсэхийг судалж үзэх хэрэгтэй.

Хувийн спорт клубууд олимп, тив, дэлхийн медальтай тамирчдыг бэлтгэн гаргаж,  улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бол тухайн клубын тамирчныг насан туршид нь биш ч гэсэн тодорхой хугацаанд нийгмийн баталгааг нь хангах ёстой гэдгийг клубын хөрөнгө оруулагчдад даалгах эрх төрд бий гэж бодож байна. 

Үндэсний спортыг Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулдаг байх. Гэхдээ үндэсний спорт ч гэсэн биеийн тамир, спортод хамаарах учраас үндэсний спортын тамирчдын асуудлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй болов уу. Үндэсний их баяр наадмын тухай хуульд тамирчдын эрх үүрэг, нийгмийн баталгаа зэрэг асуудал нарийвчлан тусгагдаагүй байдаг.

Нийтийн биеийн тамир гэдэг бол тогтсон нэршил, ойлголт гэж ойлгож байна. Тиймээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд идэвх, чармайлт гарган оролцож буй хувийн хэвшлийг дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах боломж бий юу? гэсэн зарчмын саналууд байна."