Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлагыг танилцууллаа
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд танилцууллаа.
Энэхүү гарын авлагыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм.
Гарын авлагад авто замын барилгын бэлтгэл ажлаас эхлээд дуустал, инженерийн шугам сүлжээ, талбайн цэвэрлэгээ, газар шорооны ажил, ус зайлуулах шугам, замын хучилт, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийж дуусталх бүх ажил, фото зургаар баримтжуулж, хяналт тавих норм норматив, стандартыг тусгаж өгснөөс гадна фото зураг хэрхэн авах зааврыг хавсаргажээ. Зам барилгын ажлын явцыг фото зургаар баримтжуулснаар замын далд гүйцэтгэлийн чанар сайжирч, ажлын гүйцэтгэл илүү хялбар болох юм.
Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Япон улсын Асахикава хотын захиргааны төслийн баг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын Авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн төв, Зам барилгын болон хяналтын зөвлөх үйлчилгээний компаниуд оролцлоо. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлсэн үгэндээ “Төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага, хамтран хэрэгжүүлэгч Асахикава хотын захиргааны хамт олонд талархал илэрхийлье. Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтад хамтран зүтгэж буй харилцагч компаниуддаа ажлын өндөр амжилт хүсье. Нийслэлийн зам бат бөх байх болтугай” гэлээ.