БХЯ-ны сайд Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсион нар
2017.01.04

БХЯ-ны сайд Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Раул Делгадо Консепсион "Эрхэм Батлан хамгаалахын сайд тантай уулзаж байгаадаа баяртай байна. Таныг их спортод амжилт гаргаж байсан тамирчин байхаас мэддэг. Хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсонд баяртай байна" гээд Батлан хамгаалахын сайдыг Куба Улсад айлчлахыг урьлаа.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын явцад "Бүгд найрамдах Куба улсаас манай улсад суух элчин сайдаар томилогдсонд батлан хамгаалахын сайдын хувиас танд баяр хүргэе. Миний бие УИХ дахь Монгол-Кубын парламентийн бүлгийн даргаар 2004 оноос хойш 4 парламентийн хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс байнга дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэндээ баяртай байдаг. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй парламентийн төлөөлөгчид Куба Улсын Үндэсний Ассамблейн урилгаар 2007 онд танай улсад ажлын айлчлал, УИХ-ын дарга асан Л.Энэбиш тэргүүтэй төлөөлөгчдийн 2001 онд хийсэн албан ёсны айлчлал манай хоёр орны найрсаг, дотно харилцаа, хамтын ажиллагааны гүүр болж ирсэн. Мөн Куба улс нь олон жилийн өмнөөс манай оюутнуудыг Засгийн газрынхаа тэтгэлгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн авч их, дээд сургуульдаа суралцуулж ирсэн сайхан уламжлалаа хадгалан, одоо ч гэсэн анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож байгаад талархалтай байдаг. Бид цаашид батлан хамгаалах, зэвсэгт хүчний биеийн тамир, спортын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Элчин сайд таны нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд нь амжилт хүсье" гэлээ

Уулзалтын явцад Элчин сайд Раул Делгадо Консепсион "Манай хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хэд хэдэн зүйл дээр хамтран ажиллах боломжтой юм. Тухайлбал Цэргийн төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг хоёр улс хооронд, харилцан туршлага солилцуулах сургах, соёл, спортын салбарт ч хамтран ажиллах боломжтой гэж бодож байна" хэмээн саналаа илэрхийлж байлаа.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ цаашид эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах боломжтой. Элчин сайдыг манай цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахыг санал болголоо. Талууд харилцан талархал илэрхийлснээр албан уулзалт өндөрлөв.