Батлан хамгаалахын яамны 2016 оны онцлох 9 үйл явдал
1. Батлан Хамгаалах Яам ерөнхий чиг үүргийн яам боллоо
Улс орныг батлан хамгаалах бодлого нь өргөн цар хүрээтэй, улс орны бүхий л салбарыг хамрахын зэрэгцээ иргэн бүрийн оролцоонд тулгуурласан цогц арга хэмжээ юм. Тиймээс 2016 оны 7-р сарын 21-ны өдөр Монгол улсын Их Хурлаар батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай" хуулиар Батлан хамгаалах яам нь ерөнхий чиг үүргийн яам болон үйл ажиллагааны цар хүрээ өргөжлөө.
2. Батлан хамгаалахын хууль эрх зүйн тогтолцоо төгөлдөржив
Батлан хамгаалахын багц хууль болох Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит бус нэгдсэн чуулганаар баталсан нь батлан хамгаалахын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Эдгээр хуулиудын хүрээнд "Төрийн цэргийн байгуулал хөгжил 2030" хөтөлбөрийг МУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж баталж мөн ЗГ-ын хуралдаанаар "Зэвсэгт хүчнийг 2020 он хүртэл хөгжүүлэх" хөтөлбөрийг дэмжсэн байна.
3. ЗХЖШ-ын төрлийн цэргийн командлалыг бие даалгав
Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд "Хуурай замын цэргийн командлал", "Агаарын цэргийн командлал"-ыг байгуулах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөж, Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлээд байна. Зэвсэгт хүчин нь Төрлийн цэргийн командлалуудтай байх эрх зүйн үндэслэл нь шинэчлэн батлагдсан "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичиг, Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хуулиар тус тус баталгаажсан.
"Хуурай замын цэргийн командлал", "Агаарын цэргийн командлал" байгуулагдсанаар хууль тогтоомжид заагдсан цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх бие даасан нэгж Зэвсэгт хүчний бүтцэд бий болж, нэгтгэл, анги, салбаруудыг тайван болон дайны цагийн үед удирдлагаар тогтвортой, шуурхай, цаг алдалгүй хангах нөхцөл бүрдэх, байлдааны бэлэн байдлын түвшин дээшлэх, Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагийн үүргээ гүйцэтгэх боломж, чадавх нэмэгдэх юм.
4. Цэргийн урлаг спортын амжилт арвин байна
ОХУ-ын нийслэл Москва хотноо олон улсын цэргийн нөгжмийн наадам, хүндэт харуулын жагсаалын уламжлалт "Спасская Башня-2016" фестивальд Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.
Монголын маркетинг менежментийн холбооноос санаачлан зохион байгуулдаг оны шилдэгүүдийг тодруулах "Grand expo 100" наадмын "Шилдэг энтертаймент" төрөлд ЦДБЭЧ-ын Эстрад симфони найрал хөгжмийн хамт олон Гранпри шагнал хүртлээ.
Катарын Доха хотод болсон Дэлхийн Цэргийн аварга шалгаруулах 49 дэхь цэргийн буудлагын тэмцээнд Монголын Зэвсэгт хүчнээ төлөөлөн "Алдар" спорт тамирчин МУ-ын Хөдөлмөрийн баатар МУГТ дэд хурандаа О.Гүндэгмаа, ОУХМ ахлагч Т.Баярмаа, ОУХМ ахлагч Г.Хэрлэнцэцэг нар байлдааны хурдан буудлагын төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Мехсик улсад зохиогдсон Хүндийг өргөлтийн оюутны ДАШТ тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон ЗX-ний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ, дэд ахлагч М.Анхцэцэг түрүүлж, Мехсикийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрээр ийнхүү Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд оюутны дэлхийн аварга болсон анхны тамирчин болов.
Тайланд улсад зохиогдсон бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, 084 дүгээр ангийн тамирчин олон улсын хэмжээний мастер ахлагч Л. Саруулбат хүрэл медаль хүртлээ.
Швейцарь улсад зохиогдож буй 37 дахь удаагийн Цэргийн дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнээс "Алдар" спорт хорооны эрэгтэй баг тамирчид багийн төрөлд хүрэл медаль Хувийн төрөлд 66кг жинд ОУХМ А. Батсуурь алтан медаль 73кг жинд ОУХМ. Э. Түмэннасан хүрэл медаль хүртлээ
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн тамирчин, дэслэгч Ч.Санжаадамба 10 давж түрүүлэн "Монгол Улсын Аварга" цол хүртсэн, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, дэслэгч Р.Пүрэвдагва 9 давж үзүүрлэж "Монгол Улсын арслан" цол хүртлээ.
5. Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаа өргөжив
Төлөвлөсөн 10 улстай зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон улсын БХЯ хооронд байгуулсан гэрээний дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран хэрэгжүүлсэн "Цэргийн инженерийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр" амжилттай хэрэгжиж дууслаа. БНХАУ, АНУ-аас буцалтгүй тусламжийн хүрээнд батлан хамгаалах, зэсвэгт хүчинд нийлүүлсэн цэргийн инженерийн техник хэрэгслийг түшиглэн Япон улсын мэргэжлийн бүрэлдэхүүнтэй хамтран Зэвсэгт хүчний цэргийн инженерийн бүрэлдэхүүн замын мэргэжлийн сургалтанд хамрагдаж Зэвсэгт хүчний цэргийн инженерийн чадавх нэмэгдлээ.
Анх удаа Бүгд Найрамдах Итали улстай "Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол улс, Бүгд Найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг байгууллаа
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Даваа, БНХАУ-д хийсэн албан ёсны айлчллалыг БНХАУ-ын БХЯ өндөр хэмжээнд зохион байгуулж, айлчлалын үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга хурандаа Сюй Цилянтай албан ёсны уулзалт хийлээ
ИБУИНВУ-ын Цэргийн морин пологийн баг Монгол улсын Зэвсэгт хүчний багтай хамтран бэлтгэл, үзүүлэх тоглолт хийх үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 232-р анги, Бага баян" энхийн төлөө цогцолбор төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.
БХЯ-ны зурагчин Ц.Баярсайхан НҮБ-ын төв байранд "Монгол цэрэг- НҮБ-ийн цэрэг" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.
6. Цэрэг техникийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа
Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн 8 дугаар хуралдаан 11 дүгээр сарын 29-30-нд ОХУ-ын Эрхүү хотноо амжилттай болов. Хуралдаанаар Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчиллийн хугацааг сунгахаар талууд тохирч, Агаарын цэргийн техник хэрэгслийг шинэчлэх, сайжруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэн, 2017 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
Хуралдааны нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар оролцсон нь хуралдааны ач холбогдлыг өргөлөө. Мөн Иркутскийн нисэх онгоцны үйлдвэртэй танилцсан байна.
7. Оюутан цэрэг хөтөлбөр өргөжлөө
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа "Оюутан цэрэг" хөтөлбөрийг Улаанбаатар хотын их, дээд сургуулийн оюутнуудаас гадна хөдөө, орон нутгийн их дээд сургууль, коллежийн оюутнуудыг хамруулах зорилт тавьж 2016 онд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгийн нийт 1000 оюутныг хамрууллаа
8. Цэргийн эмнэлгийг бэхжүүлэв
"Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байгуулах тухай" 68 дугаар тогтоол батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг үндэслэн Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар тогтоолоор тус эмнэлгийг "Цэргийн төв эмнэлэг" болон өөрчиллөө. Батлан хамгаалах яамнаас "Төрийн алба хаагчдын эмнэлгийн тоног төхөөрөмж, чадавхийг сайжруулах" төслийн хүрээнд эмнэлгийн орчин үеийн шинэ техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүлээн авахтай холбогдох эхний шатны арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн. Мөн "Төрийн алба хаагчдын эмнэлгийн тоног төхөөрөмж, чадавхийг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлэн БНАУ-ын Засгийн газраас үзүүлж буй 7,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 60 нэр төрлийн 123 ширхэг эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг тус эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
Цаашид дараагийн шатны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналаа МУ-ын Ерөнхий сайд, Сангийн яам, Гадаад хэргийн яаманд хүргүүлээд байна.
9. Цэргийн мэргэжлийн ур чадвар дээшлэв
ОХУ-д зохион байгуулагдсан "Арми-2016" олон улсын цэргийн тэмцээнд "Танкийн биатлон", "Цэргийн гал тогоо", "Мэргэн буудагч"-ийн төрлүүдэд Монголын Зэвсэгт хүчний дайчид амжилттай оролцсон ба Монгол улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2016 байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль "Хууль бус зэвсэгт бүлэгтэй тэмцэх устгах" сэдэвтэйгээр ОХУ-ын Алс дорнодын цэргийн тойрогт амжилттай зохион байгуулагдлаа. Мөн Монгол Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан "Шийдэмгий шийдвэр" хамтарсан сургууль, АНУ-тай хамтарсан "Хааны эрэлд", "Баланс Мэйжик" сургууль, БНЭУ-тай хамтарсан "Нүүдэлчин заан" зэрэг олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулиудыг өөрийн оронд амжилттай зохион байгууллаа.