Ц.Даваасүрэн: Төсвийн хууль, үндсэн чиглэлийн хуулийн агуулга алдагдаж эхэллээ
2011.06.08

Ц.Даваасүрэн: Төсвийн хууль, үндсэн чиглэлийн хуулийн агуулга алдагдаж эхэллээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ та дөрөв намын даргадаа хандан захидал илгээснээс үүдээд шуугиан дэгдэж байлаа. Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзсан гэсэн. Ямар тохиролцоонд хүрсэн бэ?

-Уулзалт болоод хэдэн сар болчхож, бид дөрөв ч хангалттай ярилцлага өгсөн байх Ярианы гол сэдэв намын эв нэгдэл, уул уурхайн асуудлаар ойлголцож, ажил хэрэгч байдлаар хандах талаар өрнөсөн.Товчдоо бол сонгууль хаяанд ирсэн энэ үед дотроо хэрэлдэж муудалцаж, гэрээ шатаачхаж болохгүй, нам гэдэг"гэр"-ээ өнгөтэй өөдтэй авч, явж улс төрийн амжилтад хүргэх нь бидний нэгдмэл зорилго шүү гэж. Ер нь асуудалд янз бүрийн өнцгөөс хүндэтгэлтэй хандаж сурч байж улс төрийн нам ардчилсан нийгэмд удаан оршин тогтоно. Миний хувьд сайн зүйлийг нь дэмжээд, болохгүй зүйл дээр иргэд, сонгогчдынхоо байр сууриа илэрхийлнэ ээ гэдгээ хэлсэн. Намын хувь заяаг авч яваа улсад амаргүй олон асуудал тулгарч байгааг бид ойлгож байгаа. Сайн, саарын аль алийг л туулж яваа. Хамгийн гол нь ололттой талууд нь давамгайлах ёстой,

-2012 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэллээ. Саяхан МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэхэд ганцхан ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатараас өөр сайд байгаагүйд гишүүд нэлээд шүүмжилсэн юм уу?

-За ер нь, Үндсэн чиглэлд хийсвэр хандаж байна, сайд нар нь ч алга гэж ярьсан шүү. Уг нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэдэг маань бүх л салбарын ирэх жилийн хөгжлийн асуудлыг төлөвлөж, тусгаж байгаа учраас сайд нар бүгд байлцаж, асуудлаа танилцуулах ёстой юм. Гэтэл үндсэн чиглэлээ "хөгжлийн баримт бичиг" гэж ойлгох бус хуультай учраас хэлэлцүүлж байгаа юм, гээд' тайлбарлачхаж байна. Манайд хөгжлийн бодлого, төлөвлөлт гэдэг юмыг үндсэндээ ойлгож, ухаарч байгаа юм алга. Үүний нэг тод жишээ бол Өмнийн говьд болж байгаа уул уурхай, нүүрсний эмх замбараагүй олборлолт, шоргоолж шиг бужигнах машинуудын цуваа юм. Үндсэндээ луйвар л харагдаж байна.

-Үндсэн чиглэлийн төслийн талаар та ямар бодолтой байгаа вэ?

-2012 он бол Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн эцсийн жил юм. Өнөөдөр энэ хөтөлбөрийн маань биелэлт 60 гаруйхан хувьтай байдаг. Гэтэл Үндсэн чиглэлийн төсөлд үлдсэн бүх арга хэмжээ тусаагүй л байна. Тэгэхээр ямар баримт бичиг гэдэг нь ойлгомжтой болов уу.

-УИХ-аас 300 тэрбум төгрөгийн бонд арилжаалах шийдвэрийг гаргалаа. Энэ талаар хэлэлцэх явцад Төсвийн хууль зөрчиж байна гэж та шүүмжлэлтэй хандаж байсан. Яагаад?

-2011 оны төсвийн хууль зөрчигдөж байгаа учраас. Сүүлийн үед тухайн жилийн Төсвийн тухай хуулийн хууль гэдэг шинж чанар алдагдаж эхэллээ. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл" бол бүр өнгөрсөн.Түүнийг хуульчилсан баримт бичиг гэх хандлага аль эрт алга болсон. Харин төсвийн хуульд иймэрхүү хуулийг үл хүндэтгэх хандлага гарах болсон нь харамсалтай. Саяхан хоёр ч асуудал дээр төсвийн хууль зөрчигдлөө. Эхнийх нь бондын асуудал.Тухайн жил гаргах бондын хэмжээ, зардлыг төсвийн зардал талд цэвэр зээлийн дүнд, эсвэл алдагдал нөхөх эх үүсвэр талд урьдчилан тусгаж өгдөг журамтай. Энэ жилийн төсөвт, төсвийн алдагдал нөхөх үүсвэр талд 77 тэрбум төгрөгийн бонд гаргахаар л төлөвлөсөн байгаа. Гэтэл 300 тэрбум төгрөгийн төлөвлөгдөөгүй бондын асуудал УИХ-аар ороод гарчихлаа. Мөн саяхан батлагдсан "Тэмдэгтийн хураамжийн тухай'-хуульд өөрчлөлт оруулж, 2011 оны төсвийн төлөвлөгдсөн орлогыг 800 гаруй сая төгрөгөөр бууруулах асуудал төсвийн тодотголгүйгээр, хууль зөрчөөд батлагдчихлаа. Ер нь УИХ өөрөө хуулиа хүндэтгэж мөрдөхгүй юм бол хэн ч мөрдөх юм билээ гэж бодогдох юм.

-Төсвийн бодлогод шинэчлэлт хийхээр төсөл өргөн барьсныг ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна.Та тэр ажлын хэсэгт орсон уу?

-Тэр хуулийн ажлын хэсэгт би байгаа. Уг хуулийн төслийг сайн төсөл гэж хэлж чадахгүй. Өмнө мөрдөж байсан төсвийн хуулиудын зөрчилтэй, амьдралд нийцэхгүй асуудлуудыг шийдэх талаасаа гайгүй хуулийн төсөл. Харин ирээдүйд шинээр гарч ирэх, тухайлбал, санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцох асуудлуудыг сайн тусгаж чадаагүй юм билээ.Төсвийн хууль чинь өргөн хүрээг хамарч үйлчилдэг учраас сайн шүүж, чанартай хууль гаргахгүй бол араасаа олон асуудал үүсгэж болзошгүй юм.

-Орон нутагт эрх мэдлийг өгөх асуудлыг хэр тусгаж чадсан бол?

-Эрх мэдэл гэхээсээ орон нутгийн түвшинд ямар асуудлуудаа хариуцахыг тодорхой зааж өгөөд, түүнийгээ шийдэхэд шаардлагатай төсвийн орлогыг нь өгч байх тухай асуудлыг л хуулиар зохицуулах ёстой болов уу. Тэр агуулгаараа бол боломжийн заалтууд орсон байна билээ. Түүнээс биш эрх мэдэл, хөрөнгө булаацалдах байдлаар төсвийн хуулийн асуудалд хандах нь учир дутагдалтай. Өнөөдөр гадны уул уурхайн компаниуд сум, орон нутгийн дарга нарт нь өчүүхэн зүйл амлачхад л тэр компанийн эрх ашгийг хамгаалагч болчхож байгаа улс чинь хэт эрх мэдэлтэй болбол тусдаа гарна, хөгжүүлнэ, ажлын байр нэмэгдүүлнэ гээд гүйж мэдэхээр байна. Манай нэг суманд удирдлагууд нь орон нутгийн өмчийн уурхайн төрийн хувиа хятадуудад өгсөнгүй, хятадуудыг оруулсангүй гээд жагсаал зохион байгуулсан байгаа юм.

-Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Холимог хувилбарыг сонголоо гэсэн ч хэд нь пропорциональ, хэд нь мажоритар байхыг тогтоогүй байна. Энэ талаар ямар байр суурьтай байна?

-Миний хувьд ард түмэн төлөөллөө шууд сонгож, төрийн эрх барихад,оролцох Үндсэн хуулийн зарчим хадгалагдах ёстой гэсэн байр суурьтай байна, Алслагдмал, хөгжил муутай зах хязгаар  нутагтай манай орны хувьд энэ мажоритар  хувилбар нь зөв. Ямар ч  байсан гишүүн гээд нэг  нөхрийг дөрвөн жил чихдэж, адаглаад санал, гомдол, хүсэлтээ түүний нэр дээр хаяглаад явуулчхаж байна.Тэр нь ямар ч гэсэн эргэж уулзахаа бодоод хариу өгчхөж байна. Нам сонгодог болчихвол намд хаяглах уу. Хэн гэр зах хязгаар нутаг руу санаа тавьж, гүйж очих вэ гээд улс орны хөгжилтэй холбоотой олон асуудлууд гарч ирнэ. Одоогийн энэ үндсэн хуулийн чинь тор, нийгмээ боддог, мөнгө, хөрөнгийг чухалчилдаггүй хүмүүс байх үед баталсан гэдгийг бид санаж явахад илүүдэхгүй. Ард түмэндээ намын нэр чулуудчихаад л намын авсан хувь дээр нь хэдэн бизнесийн бүлэглэл л гишүүдээ Их хуралд оруулж, хамтарсан Засгийн газар байгуулж дөрвөн жил тоглох нөхцөлийг бүрдүүлэх пропорциональ хувилбар одоогоор манай нөхцөлд тохиромжгүй гэдгийг шулуухан хэлчихье. Ер нь энэ хамтарсан Засгийн газар гэдэг чинь луйвраа шүүмжлүүлэхээс болгоомжилж улс орон, намын эрх ашгаа үл тоосон хүмүүсийн хийсэн ажил гэдэг нь өдөр ирэх тусам ойлгомжтой болж байна даа.

-МАН 24:52 гэсэн хувилбарыг дэвшүүлж байгаа юм уу.Үүнийг нь бүлгийн гишүүд хэр дэмжиж байна?

-Ний нуугүй ярихад энэ Сонгуулийн хууль гэдэг чинь гишүүдийн эрх ашгийг шууд хөндөж байгаа учраас дор бүрнээ өөрийн гэсэн бодлоор хандах нь гарцаагүй үнэн. Өөрөөр хэлбэл, улс нэг тойрог болбол олонд танигдаагүй хүмүүс болгоомжилж. жижиг тойрог өөрт нь ашигтай ч гэсэн хувилбарыг илүү бодох жишээтэй.Тэгэхээр гишүүд янз бүрийн байр сууринаас хандаж байгаа болов уу. Холимог, пропорциональ элемент оруулна гээд байгааг нам, нэр дэвшигчийн нэрийг хамтад нь дугуйлаад хамгийн их санал авсан нь намын авсан хувьд дээр гишүүнээр сонгогдоно гэж ойлгож байгаа. Харин хэдэн хүний нэр нам төлөөлнө гэж жагсаачхаад нам шууд сонгоно гэвэл Үндсэн хууль зөрчигдөхөд хүрэх юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.