Су.Батболд: Болгоомжтой бай,төсөв хэтэрхий тэлэх нь аюултай гэж анхааруулсан
2011.11.17

Су.Батболд: Болгоомжтой бай,төсөв хэтэрхий тэлэх нь аюултай гэж анхааруулсан

УИХ-аар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөв, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ид яригдаж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа. Тэрээр МАН-ын бүлгийн төсвийнажлын хэсгийг ахалсан юм.
-Төсвийн байнгын хорооны даргын зүгээс "Монголд эдийн засгийн халалт, улс төрийнхтэй давхацлаа. Гэхдээ улс төрийнх нь давамгайлж байна. УИХ-ын гишүүд ээ, үүнийг бодож үзээч хэмээн уриалсан байна билээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Бодож үзэх л зүйлийн нэг. Олон улсын валютын сангаас бидэнд анхааруулга өгсөн. "Танай эдийн засаг хэт халж байна. Дэлхийн эдийн засаг дахиад эрсдэлтэй тулгарч байгаа. Дэлхийн эдийн засагт 2008 оных шиг хямрал дахин нүүрлэвэл түүхий эдийн үнэ унана шүү. Түүхий эдийн үнэ унавал Монгол Улс хэцүү байдалд орно. Тийм учраас хэтэрхий ийм халсан төсөв батлахгүй байхыг анхааруулъя гэсэн. Мөн тэд бидэнд улс орны эдийн засгийн аюулгүй байдал чухал шүү гэдгийг сануулж байгаа. Биднийг эдийн засагтаа хэтэрхий их өөдрөг тооцоо хийгээд байна.

Эдийн засгаа энэ жил 20, дараа жил 25 хувь өснө гээд байгаа.

Яг ийм байдлаар өсөх үү үгүй юу гэдэг нь дэлхийн эдийн засгаас хамаарна. Гэтэл Монгол Улсын эдийн засаг түүхий эд, зэс, нүүрсний үнээс их хамааралтай учраас зах зээл энэ үнээ барих уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй шүү гэж анхааруулсан. Олон улсын валютын сангаас "Болгоомжтой бай, төсвийг хэтэрхий тэлэх нь аюултай. Магадгүй энэ удаа танай эдийн засаг унавал Монгол Улсын эдийн засаг дахин 8-10 жилээр ухрах эрсдэлтэй" гэж хэлж байлаа. Үүнийг бид бодож үзэх л ёстой.

-МАН-ын бүлгийн хуралдаанаас төсвийг 300 тэрбумаар танах санал гаргасан нь үүнтэй холбоотой байсан хэрэг үү?

-Олон улсын валютын сангийн зөвлөгөөг дагах эхний алхам нь энэхүү төсвийн таналт юм л даа. 2012 оны төсөв нэлээд тэлсэн. Төсвийг хэлэлцэхдээ хэд хэдэн зарчим баримталдаг. Үүний нэг нь тухайн жилийн төсвийг хэлэлцэхдээ өмнөх жилийнхээ таван сард хэлэлцдэг төсвийн хүрээний мэдэгдэлдээ баригдах ёстой гэдэг. Үүний дагуу л бид төсвийн зарим зардлыг 2011 оны хэмжээнд царцаах нь зөв гэж үзсэн юм. Үүнээс гадна 2013 оноос Төсвийн тогтворжилтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль хэрэгжиж эхлэхээр бид төсвөө 2011 оны төвшинд барих үүрэг хүлээж байгаа юм. Энэ хуулийн дагуу бол төсвөөсөө илүү гарсан орлого байвал түүнийгээ Тогтворжилтын сан руу хийгээд, эдийн засгийн эрсдэл бий болсон үед тэр сангаасаа төсөв рүүгээ мөнгө татаж эдийн засгаа тогтвор-той барих юм. Гэтэл 2012 оны төсөв маш их зардалтай гарчихлаа. Тиймээс МАН-ын бүлэг тодорхой зардлыг тэвчих нь зөв гэж үзсэн.

-Төсвийн тогтворжилтын хууль хэрэгжвэл дараагийн Засгийн газар нөөц мөнгөтэй төр өвлөн авна гэсэн үг болох нь. Ингэж чадвал энэ Засгийн газарт бас нэр төрийн хэрэг болов уу.

-Тийм. Сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдана. Шинээр байгуулагдсан Засгийн газар эхний хагас жилд багаа бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрөө гаргах тал дээр илүү анхаардаг учраас одоо байгаа Засгийн газар нэлээд олон ажил амжуулах ёстой.

-МАН-ын бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжээс бусад урсгал зардлыг 2011 оны төвшинд нь царцааж, төрийн бүх шатны байгууллагын орон тоог нэмэгдүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна билээ.

-Тийм ээ. Гэхдээ шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ажиллах багш, эмч нарын орон тоог танахгүй. Харин МАН-ын бүлэг бусад бүх төрийн тусгай болоод төрийн үйлчилгээний албаны орон тоог нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Захиргааны байр барих, компьютер, тоног төхөөрөмж, машин худалдаж авах зэрэг төсвийг тэглэнэ. Энэ гурван зардлыг хэмнэснээр төсвийн зарлагыг 300 тэрбумаар бууруулах боломжтой.

-Төрийн албан хаагчийн орон тоог танаж, оронд нь эх орны хишиг нэг сая төгрөгөө өгнө гэж байна. Тэгэхээр ажил хийгээд хэрэггүй, төр бэлэн мөнгө өгье гэсэн үг биш үү?

-Төрийн албан хаагчдын орон тоог, нэмэгдүүлэхгүй барьснаар 46 тэрбум төгрөг хэмнэнэ. Ер нь бол төрийн албан хаагчийг нэмэгдүүлж ажлын байр бий болгох нь бидний зорилго биш. Харин жижиг дунд үйлдвэр бий болгож, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, энэ салбарт ажиллагсдын тоог өсгөж, хувийн хэвшлээ дэмжих нь бидний зорилго. Түүнээс биш төрөөс мөнгө, цалин авдаг хүний тоог нэмэгдүүлэх нь тийм ч сайн зүйл биш. Тэгээд ч манай төрийн алба хэтэрхий өндөр бүтэцтэй. Хараад байхад төрийн албан хаагчийн орон тоог маш ихээр нэмэгдүүлэх гэж байсан. Соёлын салбарт, хууль хяналтын салбарт гэхэд л өчнөөн орон тоо нэмэх байсан. Энэ бол ямар ч боломжгүй зүйл.

-Эх орны хишиг тараах сургаар хүмүүс мэдээлэл хүсэж байна. Гэхдээ тодорхой зүйл одоогоор алга. МАН-ын бүлэг үүн дээр ямар саналтай байгаа вэ?

-Иргэн бүрт олгох нэг сая төгрөгийг 2012 оны зургадугаар сарын 31-ний дотор олгох нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ одоогийн байдлаар иргэд зөвхөн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дагуу баригдаж буй орон сууцны төлбөртөө л эх орны хишиг нэг сая төгрөгөө оролцуулж болно гээд заачихсан. МАН-ын бүлгийн зүгээс үүнийг өөрчилж, орон сууц барих гэж буй бүх хүнд олговол ямар вэ гэдэг санал гаргах гэж байгаа. Сум, аймгийн төвд ч гэсэн байшин, барилга барих гэж буй хүмүүст нэг сая төгрөгийг нь олговол яасан юм бэ гэдэг байр суурьтай байгаа.

-Тэгэхээр 100 мянга гэдэг тоо нэмэгдэх үү?

-Тийм ээ. Нэмэгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна иргэдэд Таван толгойн 536 ширхэг хувьцаа олгох тухай хүмүүс мэдэж байгаа. Гэхдээ МАН-ын бүлэг үүнээс гадуур хувьцаа гаргаж, иргэдэд олгох нь зүйтэй гэдэг саналуудыг тавих байх. Гэхдээ одоогоор эцэслэн шийдээгүй, судалгааг нь хийж байна. Судалгааг нь хийчхээд ирэх долоо хоногийн даваа гаригийн хуралдаан дээр Төсвийн байнгын хороо буюу УИХ-д саналаа тавина.

-Цалин тэтгэврийн нэмэгдлийг танахгүй гэсэн. Төрийн албан хаагчийн цалинг нэмэхээр хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгдэж, инфляци хөөрөгдөнө гэх юм.

-Бодох л асуудал. Гэхдээ зайлшгүй хийх ёстой зүйлүүдээ орхих аргагүй. Харин ч биднийг хасах гээд эхлэхээр яамдын сайд нар их л бухимдах байх. Гэхдээ өөр аргагүй. Цалин тэтгэврийг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасаны дагуу нэмэх шаардлагатай. Харин МАН-ын бүлгийн зүгээс тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс  нэмэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр Монголд тэтгэврийн насныхны амьжиргаа хамгийн муу байна.

-Конторын барилгуудын зардлыг танана гэсэн. Нэгэнт баригдаад эхэлчихсэн бол яах вэ?

-Баригдаад эхэлчихсэн бол үргэлжлүүлэх нь зөв. Барилгын ажил удаашрах тусмаа их зардал гардаг. Гэхдээ баригдаад эхэлчихсэн ч гэсэн маш их хэмжээний төсөв шаардагдсан, 2012 онд дуусахааргүй барилгуудыг бол бид орхих хэрэгтэй. Нэг зүйл онцлоход 2012 он онцгой жил учраас конторын барилгуудыг түр хойшлуулъя, дараа жил барих ёстой л гэсэн үг шүү дээ.

-Ингэхэд энэ төсөв 2012 оных уу, эсвэл эхний хагас жилийнх үү гэмээр ч юм шиг харагдах юм?

-Эхний зургаан сард төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж, эх орны хишиг нэг сая төгрөгийг олгох учраас л тэгж харагдсан байх. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгачихсан учраас өгөхөөс өөр аргагүй шүү дээ. Бусад ажил бол уламжлал ёсоороо жилийнхээ туршид хийгдээд л явна.

-Төсөв нь мөнгөний бодлогоо, мөнгөний бодлого нь төсвөө дэмжих ёстой. Гэвч өнөөдөр хоёр тийшээ харчихлаа. Үүнийг уялдуулах арга замыг судал хэмээн Төсвийн байнгын хороон дээр ярьсан. Энэ боломжтой юу?

-Төсөв их тэлж батлагдвал мөнгөний бодлого маш хатуу гарах шаардлагатай л даа. Ингэж мөнгөний бодлогыг хатуу барихгүй бол инфляци хөөрөгдчихнө шүү дээ. Мөнгөний бодлогын ажлын хэсгийг Наранхүү гишүүн ахалж байгаа. Яахав, бид хамтарч хуралдаж, ярилцах шаардлага гарах байх.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бас олны анхаарал татаж байна. Гэхдээ  одоо яригдаж буй холимог тогтолцоо Үндсэн хуультай зөрчилдлөө гэх юм. Та хувьдаа юу гэж бодож байна вэ?

-Энэ хуулийн төсөл Үндсэн хуулийн цэц дээр очих байх. Гэхдээ Үндсэн хуулийн цэц улс орны эрх ашгийг харгалзан үзээд холимог тогтолцоог унагачихгүй байх. Холимог тогтолцоо бол улс орны үндэсний аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдал зэрэгт эерэг нөлөөтэй учраас цэц хүлээж авах байх.

-Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө гэж үзсэн тухайд та тайлбар хэлэх үү?

-"Шууд сонгоно" гэдэг үгийг хуульчид, улстөрчид янз бүрээр тайлбарладаг. Иргэн хэн нэгний оролцоогүйгээр, өөрөө шууд сонгох явдал гэж тайлбарлах нэгэн байдаг. Нөгөө хэсэг нь хүний нэрийг дугуйлах нь шууд сонгох явдал гэх нь ч бий. Энэ нь одоо ч маргаантай байна. Бид бол тухайн хүн хэн нэгний оролцоогүйгээр сонгуульд шууд оролцож буйг шууд сонгох явдал гэж үзэж байгаа.

-Үнэхээр зарим гишүүний хэлж буй шиг сонгууль хуучнаараа  явагдвал яах вэ?

-Хуучнаараа явсан ч буруу гэх нь хаашаа юм. Олон мандаттай тойрог гэдэг нь мажоритар тогтолцооны  хамгийн муу хувилбар. 2008 онд энэ тогтолцоогоор сонгууль явуулахад олон улсын зөвлөхүүд "Та нар мажоритар тогтолцооны хамгийн муу хувилбарыг авчихлаа" гэж шүүмжилж байсан. Хэрвээ та нар мажоритар тогтолцоог авбал нэг тойрог, нэг мандат гэсэн хувилбарыг сонгох хэрэгтэй гэж зөвлөсөн л дөө. Одоо ч бас бид үүнийг хэлсээр байтал л 48 тойрог нь  олон мандаттай байхаар тогтчихлоо. Уг нь бол 48 тойрог нь нэг нэг мандаттай бол зөв байсан юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.