УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.18

О.Баасанхүү: Б.Батхишигийг томилохыг түр хойшлуулах саналтай байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. 

Уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Нэр дэвшигчдийг УИХ-ын тогтоолын төсөл, байнгын хорооны санал дүгнэлтээс гадна АТГ-аар бичиг баримтын үнэн зөв эсэхийг шалгуулж, баталгаажуулсаны үндсэн дээр УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар шийддэг хуультай.

Гэтэл өнөөдөр байнгын хорооны хуралдаан, АТГ-ын гаргасан санал хоёрт өөр, өөр компанийн нэрээр орж ирсэн байх юм.

Нэг нь “эксперт” буюу шинжээч, нөгөө нь гадаад худалдаа эрхэлдэг гэсэн хоёр өөр нэрээр орж ирсэн. Сая байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоход “эксперт” гэдэг нэрээр нь дурдлаа. Үүнийг тодруулах шаардлагатай байна.

Тиймээс нэр дэвшигч Б.Батхишигийг томилохыг түр хойшлуулж, бусад нэр дэвшигчдийг СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүнээр томилохоор санал хураая гэсэн горимын саналтай байна.

УИХ-ын дарга М.Энхболд:

АТГ-аас ирүүлсэн бичигт, давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журмыг мөрдөж ажиллах нь зүйтэй гэж байна.

СЗХ-нд орон тооны бус гишүүнээр томилогдсон тохиолдолд “Эйр Эксперт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа өгснөөр энэ зөрчил арилна гэж Эдийн засгийн байнгын хорооны дарга надад тайлбарласан.