Л.Болд: УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг орон нутгийнханд ашигласан зөрчил илэрсэн
УИX- ын гишүүн Л.Болд
2016.11.07

Л.Болд: УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг орон нутгийнханд ашигласан зөрчил илэрсэн

УИX- ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Орон нутгийн сонгуулиар саналын хуудасны ноцтой зөрчил илэрсэн гээд байгаа. Чухам ямар зөрчил илрэв. Баримт бий юу?

Орон нутгийн сонгуулийн үеэр жинхэнэ луйвар явагдсан. Олон зөрчил гарлаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хэдэн зуу, хэдэн мянган царцааны асуудал гарч ирсэн. Бас мөнгө тараах асуудал их нарийссан байна лээ. Урьд нь бэлнээр мөнгө тараачихдаг байсан учраас тийм үйлдэл гарах вий гэдэг үүднээс нэлээн хянасан.

Гэтэл данс руу нь мөнгө шилжүүлдэг болчихож. Мөн аль нэг намын штабт ажиллуулсан нэрийдлээр цалинжуулсан. Цалин өгч буйн цаад зорилго нь санал худалдан авах. Иймэрхүү байдлаар санал худалдаж авах олон янзын арга гарсан байна. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулиар луйвар хэрхэн явагдах нь вэ гэдгийг нэлээн сайн анзаарлаа. Саналын хуудастай холбоотой олон зөрчил илэрлээ.

Илэрхий санал зөрсөн зарим тойргийн саналын хуудсыг шалгаад үзтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хэрэглэсэн хуудас гараад ирсэн. Юу гэсэн үг вэ гэхээр машин гэдэг чинь компютер. УИХ-ын эсхүл орон нутгийн сонгуулийн саналын хуудас уу гэдгийг ялгаж чадахгүй. Дүүргэж будсаныг л уншаад явчихдаг. Дүүргэж будсаныг л уншаад явчихдаг. Хяналт тавьж буй хүмүүс ч гэсэн аль намыг дугуйлж вэ гэдгийг л анзаарна.

-Ийм тохиолдол аль хэсгийн хороонд гарсан бэ?

Сүхбаатар дүүргийн VII хороонд гарсан. Өмнөх УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг дахиад уншуулчихсан байх жишээтэй. Бүр Хевсгөл аймгийн саналын хуудас Улаанбаатар хотоос гарч ирсэн байна лээ. Дээр үед манай 15-тийн мөнгө Оросын 10 копейнктой таардаг байсан. Тэрийг ашиглаад хүмүүс утсаар ярьдаг, ундаа авч уудаг байсан.

Ханшаараа бодвол хамаагүй хожоотой байсан аргыг л хэрэглээд явчихлаа. Хар машиныг ингэж буруугаар ашиглаад байна. Машин бол тоолоод л явчихна шүү дээ. Өмнө нь иргэдийн саналыг худалдаж авдаг байсан бол одоо цаасан дээр зохицуулалт хийдэг болчихож. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгах ёстой гэж үзэж байгаа.

-Царцааны асуудал бас гарсан гэсэн. Ямар зөрчил илрэв?

Нэг айл дээр маш олон гадны хүн очоод бүртгүүлчихсэн байсан. Зарим айлд арваад хүн бүртгүүлчихсэн байх жишээтэй. Тухайн айлын хүн зөвхөн өөрийнхөө нэрийн ард гарын үсэг зурдаг учраас бусдыгаа нэг их анзаардаггүй юм байна л даа.

Тэрийг ашигласан. Мөн маш олон залуус, гадаадад явж буй хүний өмнөөс санал өгөх тохиолдол гарсан. Гэх мэтчилэн маш олон технологиор сонгогчдын саналыг авсан байна. Дээрх зөрчилтэй холбоотой. асуудлаар холбогдох хуулийн байгууллагад хандчихсан. Мөн УИХ дээр танилцууллаа. Цаашид үнэн мөнийг нь тогтоохын төлөө тууштай тэмцэнэ гэж бодож байгаа.

-Ардчилсан намын ҮЗХ энэ сарын 16-нд хуралдана гэсэн. Хэвээрээ юу?

Одоо бол хуралдах ёстой. Ямар нэгэн байдлаар хойшлуулах шалтгаан байхгүй. Жинхэнэ ардчиллын үнэт зүйлийг баримталсан, АН-ын дүрэмд тулгуурласан эв нэгдлийн хурал болно гэж найдаж байгаа.

-Намын дарга болохын тулд дотроо бас л “жийлцээд” эхэлсэн. Та бас намын даргад нэр дэвших сонирхолтой байгаагийн хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

Гадна талаасаа тэгж харагдуулах сонирхол яваад байгаа юм. Ардчилсан нам цаашдаа даргатай байх нь ойлгомжтой. Гэхдээ даргаа шүтсэн нам байвал буруу. Үнэт зүйлдээ тулгуурласан, дотоод ардчилалтай нам болох ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай явна. Мэдээж нийт намын гишүүд төдийгүй ард түмэн хүлээн зөвшөөрсөн даргатай байх ёстой.

Хамгийн гол нь энэ удаагийн ҮЗХ-ноос намын их хурал зохион байгуулах комиссоо батална. Улс төрийн нам гэдэг бол төрийг.бүрдүүлдэг. Ардчилсан нам парламентын нам. Өнөөдөр бүх шатанд Ардчилсан намынхан ажиллаж байна. Сөрөг хүчний байр сууринаас ард түмнээ төлөөлж байгаа. Шат шатны сонгүульд ард түмнээс сонгогдсон тэрхүмүүс АН- ын их хуралд дийлэнх болж намын шийдвэрт гол үүрэг гүйцэтгэх ёстой. Тэгж байж намын гаргасан бүх шийдвэр ард түмнээс улбаатай явах юм.

-Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын эхлүүлсэн ихэнх хөтөлбөрийг зогсоож байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

Засгийн газар 100 хоногт сонгуулиар хэлсэн олон амлалтаа ажил хэрэг болгох ёстой байсан. Гэтэл болж байсан бүх зүйлийг болохгүй болгочихлоо. Зүв зүгээр явж байсан эдийн засгаа зохиомлоор муутгаад байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж үргээгээд байгаа.

Гэхдээ тэд үнэнд гүйцэгдээд л байна. Хүүхэд харах үйлчилгээнээс эхлээд буруу гаргасан шийдвэрүүдээ буцааж байгаа. Ардчилсан намын бодлогыг зогсоож байна гэж бодоод байх шиг байна. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд үргэлжилсэн төсөл, хөтөлбөрүүд ард түмний хүсэж байсан зүйлүүд байсан юм. МАН-ынхан аль нэг намд биш ард түмэнд гүйцэгдэж эхэлсэн