2010.06.06

Ц.Даваасүрэн: Зэсийн үнэ 7100 ам.доллараас буурахгүй

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Засгийн газраас өргөн барьсан 2010 оны төсвийн тодотголын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Хэлэлцүүлгийн явцад ямар өөрчлөлт орж байна вэ?

-УИХ-ын даргын захирамж болон Төсвийн байнгын хорооноос байгуулсан хоёр ажлын хэсэг 2010 оны төсвийн тодотголд ажиллаж, тооцоо судалгаа хийж байна. Эдгээр ажлын хэсгүүдээс гаргасан саналуудыг намын бүлгүүд дээр ярилцаад улс төрийн шийдвэр гаргаж, бүлгийнхэн санал болгож байнгын хороогоор хэлэлцэнэ. Төсвийн хэлэлцүүлгийн дэгээр Төсвийн байнгын хорооны үеэр бусад байнгын хороод, намын бүлгүүд, Зарлагын хяналтын дэд хорооны саналуудыг л хүлээн авч хэлэлцдэг. Түүнээс бус ажлын хэсэг шууд санал оруулдаггүй. Одоо эдгээр ажлын хэсгүүд гаргасан саналаа гишүүдэд танилцуулахаар тараасан.

-Ажлын хэсэг төсвийн зарлагыг бууруулахдаа давхардсан орон тоог цомхотгох санал оруулсан. Энэ санал хэрэгжих боломжтой юу?

-Баримтлах гол зарчим нь төсвийн алдагдлыг ДНБ-ний таван хувьд багтааж батлах юм. Цалингийн нэмэгдлийн тодорхой хувийг бүтцийн өөрчлөлт хийх замаар шийдвэрлэхгүй бол үнийн өсөлтийг хөөрөгдөх төлөв ажиглагдаад эхэллээ. Тиймээс шаардлагагүй албан тушаалуудыг, тухайлбал, дэд сайд, орлогчуудын орон тоог хасах тухай ярьж байна. Мөн давхардсан болон шаардлагагүй болсон агентлаг, газар, хэлтсүүдийг нэгтгэх, татан буулгах асуудлыг ч хөндөнө. Өмнө нь ганц байсан зарим агенгтлаг, газруудыг хоёр, гурав болгож задалсан. Үүнээс болж наад зах нь газар хэлтсийн дарга нар хоёр, гурав дахин өссөн байгаа. Тухайлбал, гурван тамгын газар болж тэр хэмжээний дарга, хүний орон тоо нэмэгдсэн. Одоогоор 140 гаруй хүний 460 сая төгрөгийн асуудал ярьж байна. УИХ-ын гишүүд ч гэсэн багцаасаа тэрбум орчим төгрөг хасахаар хэлэлцэж байна. Эдгээр асуудлыг шийдэж чадахгүй эх үүсвэргүйгээр цалин нэмбэл эх орны хишгийн үлдсэн 50 мянган төгрөгийг тарааж дууссаны дараа үнийн хөөрөгдөл эгзэгтэй төвшинд хүрч болзошгүй юм.

-Цалинг долдугаар сарын нэгнээс нэмэх тухай ярьж байгаа юу?

-Миний хувьд Засгийн газрын оруулж ирсэн аравдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмэх хувилбарыг дэмжиж байгаа. Энэ бол нийлүүлэлт талаас хамгийн зөв цаг. Тариа, ногоо, ургацаа хурааж, өвлийн идшээ бэлтгэдэг, мал тариалалсан цаг байдаг. Үнэ өсдөг нэг гол шалтгаан нь мөнгө тарааснаас үүсэх шинэ хэрэгцээг хаах бараа, бүтээгдхүүний нийлүүлэлт дутагдсанаас үүдэлтэй. Тиймээс эдийн засагт нийлүүлэлт нэмэгддэг цагт цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь үр дүнтэй.

-Төсвийн ажлын хэсгүүдээс гаргасан саналуудыг шууд хүлээж авах боломжтой байгаа юу?

- Ажлын хэсгүүд тодотголд нэлээд ач холбогдол өгч сайн тооцоо, судалгаа хийсэн. Дийлэнх саналуудыг шууд тусгаад явах боломжтой. Харин төсвийн бүх байгууллагуудын урсгал зардлыг механикаар шууд таван хувиар хасах асуудлыг эргэж ярих шаардлага байх шиг. Ийм хэмжээгээр бууруулахад 27 тэрбум төгрөг гарч байгаагийн 50хувь буюу 14 тэрбум төгрөг нь зөвхөн эрүүл мэнд, боловсрол гэсэн хоёрхон салбараас хасагдахаар байгаа юм. Тиймээс энэ хоёр чухал салбарт хүнд цохилт болно. Эдгээр салбарт гарсан хохирол, алдааг эргээд залруулахад маш их цаг хугацаа, хөрөнгө хүч шаардагддаг. Нөхөж болохгүй хохирол ч тохиолдож болох. Саяхан хүүхдийн хүйн халдвар гарсан нэг шалтгааныг төсвийг арван хувь механикаар хассанаас санхүүжилт хүрэлцэхгүй болж ариутгалаа бүрэн хэмжээнд хийж чадаагүйтэй холбож байсныг санах хэрэгтэй болов уу.

-Тодотголд алт, зэсийн үнийг хэрхэн тусгаж байна вэ?

-Металлийн зах зээлийн сүүлийн үеийн судалгааг харахад зэсийн үнийн дунджийг 7160 ам.доллар байна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Тухайлбал, металлийн зах зээлийн судалгаагаар тэргүүлдэг "Brook Hunt" болон "Bloomsbury Minerals" судалгааны байгууллагуудын таамаглал 7120-7160 ам.доллар байна гэж тооцсон. Иймд зэсийн үнийг 7000 ам. доллараас доошгүй байхаар тооцож төсөвт тусгах нь зүйтэй байна. Харин нэг унци алтны үнийг 1100 ам.доллар гэж төлөвлөснийг хүлээж авах боломжтой, харин ч өсгөхөд нэг их буруудахгүй болов уу. Прогнозоор бол өндөр байгаа.

-Олон улсын валютын сан, Дэлхийн банк төсвийн тодотгол хийх шаардлагагүй, төсвөө өсгөвөлхөтөлбөрөө зогсооно гэсэн шүү дээ?

-Эдгээр олон улсын байгууллагуудаас хоёр зарчмыг төсвийн тодотголд баримтлахыг санал болгож байгаа. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг ДНБ-ний таван хувиас хэтрүүлэхгүй,хоёрдугаарт, одоогийн өргөн барьсан тодотголын төсвийн зарлагыг 150 тэрбум төгрөгөөс дээш нэмэгдүүлэхгүй байхыг зөвлөсөн. Энэ зөвлөмжийг Монголын тал биелүүлэхгүй тохиолдолд Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй Стэнд-вай хөтөлбөр зогсож болзошгүй. Үүний цаад хор уршиг нь энэ хөтөлбөрт оролцож буй бусад донорууд зээл, тусламжаа нэгэн адил зогсоох явдал юм. Иймээс энэ удаагийн төсвийн тодотголыг хийхэд гадаад хүчин зүйлийг бас давхар тооцох шаардлага гарч байна.

-Зарим гишүүд "Хүүхдийнмөнгө"-ийг өгнө гэсэн. Эх орны хишиг өгч эхэлсэнээс хойш өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Одоо хүүхдийн мөнгө өгөөд, дээрээс нь цалин, тэтгэвэр нэмэхээр үнэ улам нэмэгдэнэ биз дээ?

-Маш зөв асуудал хөндөж байна. Цаашид янз бүрийн хэлбэрээр бэлэн мөнгө тараах олон арга хэмжээ авбал оны эцэст инфляцийн төвшин телөвлөснеөс хол давна шүү гэж манай эдийн засаг, санхүүгийн байгууллагууд сануулаад байгааг анхаарах ёстой. Өөрсдийнхөө явцуу эрх ашгийг бодоод эдийн засгаа самарчихаж болохгүй. Монголчууд биднийг гаднаас нь харвал олсон хэдэн төгрөгөө тэр дор нь тансаглаад нэг мөр дуусгаад авдаг, хэзээ ч хөрөнгөждөггүй, тооцоо муутай гэр бүл шиг л харагддаг биз.

-УИХ-аар 2009 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж эхэллээ. Төсвийн гүйцэтгэлд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн гүйцэтгэлийн тайланг тусад нь гаргаагүйг зарим гишүүн тодруулж асууж байсан. Ингэж болох уу?

- Монгол Улсыг хөгжүүлэх сангийн орлого, зарлагыг тусад нь хуульчилдаг учраас тайланг тусад нь нийгмийн даатгалын сангийн тайлан шиг дэлгэрэнгүй тайлагнах ёстой.

ус сангаас санхүүждэг буудайн нөөц бүрдүүлэхтэй холбогдуулж долоон тэрбум төгрөгийг төсвийн хууль зөрчиж гаргаснаа нуух гэсэнтэй холбоотой гэсэнтэй та санал нийлэх үү?

-Тус сангаас долоон тэрбум биш нийт дүнгээрээ 8.1 тэрбум төгрөгийн төлөвлөгдөөгүй зардал гарсан. Үүнтэй Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тайланг тусад нь гаргаагүйтэй холбоотой эсэхийг хэлж чадахгүй байна.

-Төсөвт тусаагүй зардал гарна гэдэг хууль зөрчсөн хэрэг биз дээ. Хооронд нь сольсноос болж Л.Одончимэд гуай огцорсон санагдана. Харин тэрбумаар хэтрүүлсэн сайдыг яах бэ?

-Асуудал нь ч ноцтойд орнол шүү. Байнгын хорооны үеэр иймэрхүү асуудлыг нухацтай авч үзнэ. Дүгнэлт гаргасан ч болно. Эхлээд судлая, нотлогдбол ямар нэг хэлбэрээр хариуцлага ярина. Тэгэхгүй бол ийм зүйлийг мэдсээр байж мэдээгүй царай гаргавал УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.

-Төсвийн тодотголыг хэзээ батлахаар төлөвлөж байна. Төсвийн шинэтгэлийн хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Энэ долоо хоногийн тав дахь өдөр төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийчихвэл ирэх долоо хоногт батлагдчихна. Төсвийн хуулиудын шинэтгэлийн хувьд одоогоор Төсвийн тогтвортой байдлын хуулиас бусад хуулиуд манай Байнгын хороонд орж ирээгүй. Тиймээс хаврын чуулганаар амжиж хэлэлцэнэ гэж хэлэхэд хүндрэлтэй юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.