Ө.Энхтүвшин: Хууль зөрчиж, Хуйвалдсан гэрээг хүчингүй болгох ёстой
2016.10.27

Ө.Энхтүвшин: Хууль зөрчиж, Хуйвалдсан гэрээг хүчингүй болгох ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуралдааны эхэнд танилцуулсан.

Уг дүгнэлтэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” компанид шилжүүлэх шатанд Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцтой холбоотой долоон зүйл, заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзсэнийг дуулгасан. Тухайлбал, Засгийн газар хоорондын гэрээг цуцлах эрх нь Засгийн газарт байдаг ч шинээр гэрээ байгуулахад УИХ-тай зөвшилцөхөөр заасан байдаг.

Гэтэл УИХ-аар хэлэлцүүлээгүй, Засгийн газар дангаараа шийдсэн нь хууль зөрчсөн. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувиас Засгийн газар татгалзсан нь холбогдох сайд нар эрх мэдлээ хэтрүүлсэн тал байж болзошгүй тул шалгуулж, тогтоолгох нь зөв гэж үзээд Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ асуудлаар АТГ-т хандсаныг хэлсэн.

Өмнөх Засгийн газрын үед “Эрдэнэт”- ийн 49 хувийн худалдан авалтын процесс өрнөсөн учраас энэ удаагийн хуралдаанд тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар ирж оролцон, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Ингээд тэдний байр суурийг тоймлон хүргэе.

Ц.Даваасүрэн: “Эрдэнэт” бол стратегийн ач холбогдолтой орд газарт хамаардаг. Ийм асуудлыг Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй, УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлага байсан. Яагаад энэ асуудлыг УИХ- аар хэлэлцүүлсэнгүй вэ. Энэ бол үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал шүү дээ

Ч.Сайханбилэг: Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд хоёр маргаантай асуудал байсан. Нэг хэсэг нь УИХ- аар энэ асуудлыг заавал хэлэлцүүлэхгүй бол болохгүй гэсэн. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна гэсэн. Яагаад гэхээр худалдан авалт хийнгүүт олон улсын гэрээ хүчин төгөлдөр бус болж байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд хүчингүй болгох нь зөв гэсэн байр суурь гарсан.

Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэцээр ярина биз. “Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. Зургаадугаар сарын үед орж ирсэн нь УИХ- ын сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үе таарсан.

Зургаадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт’’-ийг авчрах шийдвэрээ гаргаад явах нь зөв гэж үзсэн. “Хоёрдугаарт, Ташкентын гурван улсын тэргүүний уулзалтаас өмнө шийдэх шаардлага байгаа учраас бид энэ асуудлыг өнөөдөр яриад Засгийн газар өөрөө санаачлаад оруулъя гэж Ерөнхий сайдын хувьд харж байна гэдгээ би хэлсэн, протокольд тэмдэглэсэн байгаа.

Ш.Раднаасэд: УИХ соёрхон баталсан хэлэлцээрийг УИХ-аар нь оруулж ирж хүчингүй болгуулалгүйгээр Засгийн газар дур мэдэж шийдсэн нь хууль зөрчсөн асуудал. Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтыг УИХ баталдаг учраас шүү дээ. Гэтэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр өөрөө эзэмших үү эсвэл хувьд шилжүүлэх үү гэдгээ Засгийн газар дангаараа шийдсэн нь шууд хууль зөрччихөөд байна шүү дээ.

Ч.Сайханбилэг: 49 хувиа бид ярилцсан. Оросын талаас биднийг хурдан шийдэхийг шаардсан. Тэд “Ростех” компанийн мэдэлд байдаг 49 хувиа манай талд зарах хүсэлт гаргасан. “Ростех" компанийн зүгээс Худалдаа хөгжлийн банкнаас өөр аж ахуйн нэгж болон хуулийн этгээдэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах хэлЦэл хийгээгүй, цаашид ч хэзээ ч энэ асуудлаар гуравдагч этгээдтэй яриа хэлцэл хийхгүй гэдэг бичиг ирүүлсэн. Тиймээс нэг бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг бид авах, үгүй бол Оросын талд үлдээх хоёр зам байсан.

Ц.Нямдорж: Мөн ч өрөвдөлтэй юм ярих юм даа, Ч.Сайханбилэг ээ. Засгийн газар 49 хувийг худалдах асуудлаар хэнийг, хэзээ томилж, тэр хүмүүс яаж ажилласан юм бэ. Зарах, худалдах ажиллагааг хэн гэдэг хүн хэзээнээс эхлүүлсэн юм үүнийг хэлээд өгөөч. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм.

Худалдан авах эрхээсээ татгалзсан тохиолдолд л хувийнхан очиж хэлцэл хийх байх л даа. Засгийн газар, УИХ- ын төвшинд 49 хувийн талаар яриагүй байхад яахаараа Худалдаа хөгжлийн банкныхан тийшээ очиж ярьж хэлэлцээд байсан юм. Хэний даалгавар, захиалгаар ийм юм хийгээд байсан юм. “Ростех”-ийн бичгийг бариад байх юм, жижигхэн л компани шүү дээ.

Монгол Улсын Засгийн газрыг хойд хөршийн олон компанийн нэгтэй дүйцүүлж яриад байх юм, хэтэрхий жижигдэж байгаа юм биш үү. Яагаад Засгийн газартай нь яриагүй юм. Оросын талын санал хэзээ, хэнд ирсэн юм. “Ростех”- ээс бичиг ирэнгүүт л та нар гэнэт хуралдаад шийдсэн юм билээ шүү дээ.

Энэ бичгийг хэн, яаж авчирч өгсөн юм, нэг золбин бичиг л яваад байгаа. Яамдаас санал аваагүй, УИХ- аар хэлэлцүүлээгүй. Яахаараа ингэж дураар авирлаад байсан юм. Энэ О.Орхон гэдэг залуу Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, “Монголиан коопер корпорэйшн"-ийн гүйцэтгэх захирал гэдэг хоёр хаягтай л орсон байгаа юм. Хэний даалгавар, зөвшөөрлөөр та нар “Эрдэнэт"-ийн 49 хувийг авах ажиллагаа хийсэн юм, үнэнээ хэл.

Ч.Сайханбилэг: Оросын тал ямар журмаар бичиг гаргасныг би мэдэхгүй. Энэ асуудлаар Монголын Засгийн газар сонголт хийх боломжгүй байсан. “Ростех’’-ийг том уу, жижиг үү гэдгийг мэдэхгүй. Энэ асуудал цаг хугацааны хайчтай байсан учраас бид УИХ-аар хэлэлцүүлж чадаагүй. Гэхдээ Засгийн газрын бүх сайд байр сууриа илэрхийлж, бүгд дэмжсэн.

Ц.Нямдорж: Яаралтай         хэлэлцэх асуудалд яамдаас санал авна гэж байдаггүй юм. Туйлын ноцтой асуудал хөндөж байхад цаг хугацааны хайчинд ороод хийчихсэн гэж яриад байгаа чинь даанч дээ. Нялуунаас шулуун нь дээр, хэзээ ямар асуудал яриад О.Орхон гэх мэтийн хүмүүсээ явуулж наймаа хийсэн талаараа төрд үнэнээ хэл, битгий жүжиг тавиад бай. Танай Засгийн газрын сайд нар “Гайхсан, хөдөө гадаа яваад ирэх хооронд ийм юм болжээ” гэцгээгээд л байсан шүү дээ.

Ө.Энхтүвшин: Мэдээж нэгэнт хийчихсэн улс өөрдийгөө хамгаална л даа. Цаг хугацааны хайч гэж яриад байх юм. Гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтаас өмнө шийдсэн гээд байх юм. Энэ уулзалтаар “Эрдэнэт’’-ээс өөр ярих сэдэв байхгүй байсан юм уу. Яагаад энэ уулзалтаас өмнө хувьчлал явуулах байсан гээд байна вэ.

Танай Сангийн сайд байсан Б.Болор 51 хувийг үнэгүйдүүлэх зүйлийг яагаад хийсэн юм бэ, бодоход өөртэй чинь зөвлөсөн байлгүй. Яагаад нууц хоёр тогтоол гаргасан юм. Яваандаа 51 хувийг үнэгүйдүүлж авах бодлого байж гэж харагдаад байна шүү. Бэлтгэлээ сайн хийсэн байгаа юм, ТӨХ-г өмнө нь татан буулгаад, 51 хувийг мэддэг субьектыг байхгүй болгоод энэ хувийг хоёр хүнд хариуцуулсан.

Нэг хэсгийг нь Б.Болор, нөгөөг нь С.Баярцогтод. Гэтэл Б.Болор нь 49-тэйгээ нийлж хуйвалдаад явчих жишээтэй. Хамгийн гол нь 49 хувиас Монголын тал татгалзаж байна гэдгийг УИХ- аар яагаад хэлэлцүүлсэнгүй вэ. Уг нь өмчийн эзэн чинь УИХ шүү дээ. Ард түмний өмнөөс тэр өмчийг манаж, хамгаалах үүрэгтэйгээр сонгогдож, бүрдсэн субъект чинь УИХ юм шүү дээ.

Гэтэл яагаад бултуулж байгаа юм. Энэ бол хөдөлшгүй хууль шүү, өөрөөр тайлбарлах аргагүй. Хуульчид болохгүй гээд байхад л О.Орхоны зөвлөгөөгөөр шийдчихсэн юм биш. ҮАБЗ-өөр ч яриагүй гэдгийг З.Энхболд хэлсэн. Ямар ч хувилбар.байгаагүй гэх юм, үгүй ээ байсан.

Зөвхөн Худалдаа хөгжлийн банкинд өгөхөөр шийдсэнээ хамгийн зөв хувилбар байсан гэж яриад байх юм. Энэ чинь ард түмний хоол шүү дээ. Яасан их зоригтой байна аа, тэгээд яг сонгуулийн өмнө хийчихсэн нь эртнээс хийсэн ажил гэж харж байна. Хууль бусаар Үндсэн хууль болон хэд хэдэн хууль зөрчсөн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй.

Ч.Сайханбилэг: Гурван улсын уулзалт хөгжлийн том гарц байсан. Ямар нууц тушаал гаргасныг нь Б.Болороос өөрөөс нь асуу, өөрөө хариулна гэсэн. Хуйвалдаан болоогүй гэдгийг хэлье.

Ө.Энхтүвшин: Таныг Ерөнхий сайд бай- хад Б.Болор гэдэг хүн танхимд чинь багтаж байсан юм байгаа биз дээ. Гэтэл яахаараа Б.Болорын хийсэн нууц тогтоолыг та мэддэггүй юм бэ.