Чанаргүй зээлийн 60 хувь нь томоохон ААН-үүдэд хамаарч байна
2016 оны эхний 7 сарын эцэс гэхэд, зээлийн өрийн үлдэгдэл 12 их наяд төгрөгт хүрч, чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 7,2 хувь буюу 862 тэрбум төгрөг болжээ.
Чанаргүй зээлийг ААН-ийн хэмжээгээр задлан авч үзэхэд, нийт чанаргүй зээлийн 60 хувь нь жилийн 500 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой томоохон ААН, 18 хувь нь жижиг дунд бизнес, үлдсэн 22 хувь нь иргэдэд хамаарч байна.
Ингээд бодохоор томоохон аж ахуйн нэгжүүдийн тавьсан 517 тэрбум төгрөгийн зээл "чанаргүй" ангилалд шилжлээ. Харин жижиг, дунд бизнесийн салбарын чанаргүй зээл 155 тэрбум, иргэдийнх 189 тэрбум төгрөгт хүрчээ.
Банкны салбарын зээлийн чанар 2017 онд ч нэг их сайжрахгүй бололтой. Учир нь 502 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтрээд байгаа бөгөөд энэ уул уурхай, барилгын салбарын авсан зээл юм. Хугацаа хэтэрсэн зээл цаашид чанаргүй зээл ангилалд шилжих магадлалтай.
Иргэдэд олгосон орон сууцны зээл харьцангуй сайн байгаа ч 2015 оноос өрхийн орлого тогтмол буурч байгаагаас үзэхэд цаашид зээлийн чанар муудах эрсдэл байна.
Иргэдийн нийт хадгаламж 7 их наяд төгрөгт хүрсэн ч зээлийн хэмжээ түүнээс 400 тэрбум төгрөгөөр илүү байна. Зээл эрэлттэй байгаа энэ үед зээлийн хүү төдийлөн буурахгүй болов уу.
Зээлийн эргэн төлөлт удааширч байгаатай холбоотойгоор 2016 оны эхний 7 сарын байдлаар банкны салар 10,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.